Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах 1000 хүний суудалтай дөрвөн давхар спорт цогцолборын барилгын ажлыг 2013 онд эхлүүлж байсан. Тус цогцолбор нь үерийн аман дээр байрлалтай учир энд санхүүжилт олголгүй, барилгын ажлыг зогсоосон байна. Үерийн далан барих, барилгын ажилтай холбоотой төсөвт өртөг нь анхны батлагдсан төсвөөсөө 3 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээллээ.
Харин МУИС-ийн V байрны ард талд баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих ажлыг 2011 онд эхлүүлсэн ч газрын маргааны улмаас таван жил хойшлуулсан байна. Одоогоор 2018 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөвт тусгагдсан санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж буй гэнэ. Эл цогцолбор 25 метрийн таван зам бүхий усан сан, бэлтгэлийн болон спорт заалны хэсгүүдтэй бөгөөд ажлын гүйцэтгэл 40 хувьтай явж байгаа аж.