Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл мэргэжлийн архитектор, инженер, хот төлөвлөгчидтэй хамтран нэгэн санал боловсруулжээ. Тэр нь хот, сууринд газрыг зөвхөн төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний дагуу олгох, өмчлөх хуулийн зохицуулалт. Ингэж өөрчлөхөөс нааш нийслэлчүүд Үндсэн хуульд тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломж улам хязгаарлагдана гэж тэд үзсэн байна. Мэргэжилтнүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өрнөх үеэс эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтан, БХБЯ, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг шат шатны байгууллагад уг саналаа хүргүүлж, ажил хэрэг болгохоор зүтгүүлсэн ч тусыг эс олжээ. Харин одоо хэлэлцүүлгийн шатандаа ид яваа Газрын багц хууль (Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх, Кадастрын тухай зэрэг)-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд дээрх багийн зарим гишүүн “ил захидал” хүргүүлэх гэнэ.
Салбар салбарын шилдэг, туршлагатай хүмүүс нэгдэн боловсруулсан уг саналд анхаарал татах хэдэн өгүүлбэр байна. “Засаж болдоггүй, цаашид улам гүнзгийрэн хүндэрдэг асуудалтай нийслэлчүүд нүүр тулсан. Энэ бол төлөвлөлтгүй тэлж буй хот, суурингуудын гаж хөгжил. Хот төлөвлөлтийн амин судас болсон авто замын сүлжээ, дэд бүтцийн асуудлыг хоёрдугаарт тавьж, газар олголтыг сүүлийн 20 жилд эрчимжүүлснээр Улаанбаатар цэгцтэй хөгжих боломжийг бүрэн хаасан. Газар өмчлөх, ашиглах хүсэлтэй иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд чухалчилж, хот төлөвлөлтөө үүнд тохируулах алдаатай бодлого баримталж ирлээ. Энэ алдааг сууриар нь өөрчлөх, засах боломжгүй ч одоогийнхоос дордуулахгүйг хичээх нь нэн чухал” гэжээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нийслэлийн иргэд ногоон байгууламж, автомашины зогсоол “нэхэх” байтугай чөлөөтэй зорчих боломжгүй болж, одоогийнх шиг байнгын хөл хорионд орж болзошгүйг тэд анхааруулжээ. Тиймээс газар олголтыг сааруулах, ялангуяа төвлөрлийн гол цэг, зорчих хөдөлгөөний эрчим ихтэй бүсүүдэд худалдаа, үйлчилгээний газар нэмж байгуулах боломжийг бүрдүүлэхгүй, ашиглалтын болон өмчлөлийн зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхгүй байх нь хотоо хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэж үзжээ.
Судлаач, мэргэжилтнүүдийн дүгнэлт Улаанбаатар хотын өнөөгийн байдалтай яв цав таарч буй юм. Алсын хараагүй, төлөвлөлтгүй, судалгаа шинжилгээнд үндэслээгүй бодлого, шийдвэрүүдийн үр дүнд нийслэлийн авто замын сүлжээ мухардалд оров. Сүүлийн 10 жилд хотын зам ердөө 10 хувиар нэмэгдсэн бол автомашины тоо үүнээс 28 дахин их буюу 283 хувиар өсжээ. Нийслэлд 600 мянга орчим автомашин бүртгэгдсэнээс 350-400 мянга нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байна. Олон улсын жишиг, стандартаар 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол зорчих хөдөлгөөнийг тодорхой хязгаарлалтын журмаар зохицуулах, 200-250 хүрвэл нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх олгож, хувийн унаагаар аль болох явуулахгүй байх бодлого баримталдаг. Гэтэл Улаанбаатар хотод энэ үзүүлэлт хэдийн улаан түвшинд очжээ. 1000 хүнд дунджаар 400 орчим тээврийн хэрэгсэл ногдож байгаа юм. Дундаж хурдыг нь цагт 30 км-ээр тооцвол нийслэлд 320 мянган тээврийн хэрэгсэл байх ёстой ч өдгөө хоёр дахин олон автомашин чихцэлдэж ядан буй.
Азийн хөгжлийн банкнаас 2008 онд хийсэн “Монгол Улсын авто замын салбарын хөгжил“ судалгаанд “Нийт тээврийн хэрэгслийн гуравны хоёр нь нийслэлд төвлөрч буй нь багахан ачаалалд зориулж барьсан хотын замд ихээхэн дарамт өгч, түгжрэл үүсгэж байна. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 1998 онд 24.5 км байсан бол 2008 онд 13.5 цаг болж, 45 хувиар буурсан. Салбарын хөрөнгө оруулалтын 10-20 хувийг нийслэлийн замын сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлд зарцуулдаг нь хангалтгүй үзүүлэлт” гэжээ. 2008 оноос хойш Улаанбаатарын замын сүлжээ 120 орчим км-ээр нэмэгджээ. Харин автомашины дундаж хурд огт өөрчлөгдсөнгүй.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Хотын замын хөдөлгөөний дундаж хурд цагт 13 км. Оргил ачааллын үед буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт 8.9 км буюу явган хүний зорчих хурдтай тэнцдэг” гэжээ. Энэ бол Улаанбаатар хотын зам мухардсаны, дэд бүтэц байгуулах хурд, хүчин чадал автомашины импортод гүйцэгдсэний бодитой баримт юм. Ирээдүйд үүнээс ч дор нөхцөл байдал биднийг хүлээж буй гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Мэргэжилтнүүд авто замын сүлжээний нягтрал 2025 онд одоогийнхоос 38, 2030 онд 71 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Замын сүлжээг өргөтгөх, засаж сайжруулах асуудал, хэрэгцээ шаардлага маргааш, нөгөөдөр, түүний дараагийн өдрүүдэд одоогийнхоос ч хурцаар тавигдах нь ойлгомжтой. Гэтэл учир мэдэх хүмүүс “Түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээ өргөтгөх ажил хот төлөвлөлт, газар зохион байгуулалтаас бүрэн хамааралтай учир тийм ч хялбар шийдэгдэхгүй” гэж дүгнэж байна.
Нийслэлийн ЗДТГ, Авто замын хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт хамтран өнгөрсөн онд “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-г баталсан. Түүхэндээ анх удаа ийм баримт бичигтэй болсон юм. Зарим нь үүнийг цаг хугацааны хувьд дэндүү оройтож баталсан гэж үздэг. Мастер төлөвлөгөөтэй болсноор эхний ээлжид төлөвлөлтгүй зам, хашаа барих явдлыг таслан зогсоож, гол, туслах гудамж замуудын холбоос, уулзваруудын нэвтрүүлэх чадвар, газар ашиглалт сайжирна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Зам шинээр барих болон өргөтгөл, шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлснээр түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хэмнэлт 106 тэрбум болж, шатахууных 16 тэрбум, агаарын бохирдлынх 415 саяд хүрэх гэнэ. Иргэдийн аюулгүй байдал, тав тухад нийцсэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, даац, ачаалалд тохирсон, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн 2015.2 км замтай болно гэж төлөвлөгөөнд тусгасан байна. Хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534 км-ээр нэмэхээр урт хугацааны зорилтдоо дэвшүүлсэн аж.
Энэ мэтчилэн өөдрөг, “сайхан” олон зүйлийг мастер төлөвлөгөөнд тусгажээ. Харин эдгээрийг Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газрын харилцааг зохицуулахтай холбоотой хууль, журам, хот байгуулалт, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг Швейцарын Женев хотод авто замын инженер, төлөвлөлтийн мастерт сурч буй Ш.Отгонбаяр хэллээ. Тэрбээр “Одоо байгаа замаа өргөтгөн, жил болгон засаж, шинэчлэхээс илүү нийт сүлжээгээ яаж нэмэх, төвлөрлийг хэрхэн сааруулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх гол үндэс газар буюу сул чөлөөтэй талбай. Ийм газар Улаанбаатарт, ялангуяа хотын төв хэсэгт үлдээгүй. Нэг хүний биш, олон мянган иргэний эрх ашигтай холбоотой асуудал учраас авто замын хөдөлгөөн, зорчих урсгалд саад учруулж байгаа хэсгүүдэд газрыг чөлөөлөх хэрэгтэй. Зам барих боломжтой, төлөвлөгөөнд тусгасан газруудаа нарийвчлан тогтоож, улаан цэс (мэргэжлийн хэллэг)-нд оруулбал үр дүнтэй. Газар олгох бүхий эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сан, кадастрын зураглалын системд үүнийгээ ил тодоор тусгавал зохино. “Энэ газар ирээдүйд үнэ цэнтэй учраас авто замын зориулалтаар ашиглахаар нөөцөллөө” гэх нь байна. Ийм зохицуулалт зарим оронд бий. Нийслэлийнхэн энд чухал төлөвлөгөө, баримт баталчихаад байдаг, нөгөө талд нь өөр байгууллага ашигтай, үнэ цэнтэй газруудыг нь хүмүүст тараагаад, дуусгачихвал нэмэргүй, асуудлаа шийдэж чадахгүй” хэмээн ярилаа.
“Монголын хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо” бүлгэмийнхэн өнгөрсөн долоо хоногт “Хот төлөвлөлт ба газар” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлчүүдэд тулгамдсан олон асуудал хөндсөний дотор түгжрэл, авто замын сүлжээ мөн л багтав. Оролцогчид нийтийн тээврийн салбарыг шинэчлэх, метротой болгох, нийслэл рүү чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, хотын төв хэсэгт хувийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх, автомашины импортын татварыг нэмэх, гэр хорооллын замын чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг байнга хөндөгддөг “шийдлүүд”-ээс илүү дагуул хотуудыг хөгжүүлэх замаар төвлөрлийг задлах боломжийг онцгойлон ярилаа. Дагуул хотыг хөгжүүлэхдээ авто замын сүлжээ, дэд бүтцийг нэн түрүүнд “зурахгүй” бол Улаанбаатарын зовлон давтагдах вий гэсэн болгоомжлолыг цөөнгүй хүн хэлж байв.
Авто замын сүлжээ, инженер, дэд бүтцийн шийдэл гэдэг бол хот төлөвлөлт, байгуулалтын амин судас аж. Харин бид сайхан хот бий болгох сохор бодлогоор хотынхоо газрыг хайр гамгүй “туучсаар” эцэстээ наашаа ч үгүй, цаашаа ч үгүй мухарджээ.