Хөвсгөлийн Мөрөнгөөс Цагаан нуур суманд А-80 шатахуун хүргэхээр явсан хоёр машин Хөвсгөл нуурт осолдсон юм. Онцгой байд лын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс нөхцөл байдлын талаар тодруулахад “Бид Хөвсгөл аймгийн Онцгой байдлынхантай холбогдож хоёр цаг тутам мэдээлэл авч байна.
Тэнд 40 гаруй албан хаагч мөс цөмлөх, шатахуун соруулах ажил хийж байгаа. Нууранд шатахуун асгараагүй. Нэг машин 45 метрийн гүнд, нөгөө нь ил гарсан ч мөсөнд хавчуулагдсан байгаа гэсэн. Осолдсон хүний цогцос машиныхаа дээр байгааг тогтоосон байна лээ.
Зам товчлох гэж яваад ийм осол болсон гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний зузаан олон жилийн дунджаас бага байгаа учир ард иргэд сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна” гэв.
С.ЗАЯА