Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-д АН-аас сонгогдсон найман гишүүнтэй Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд өнөөдөр 18.30 цагт очиж уулзжээ. Улмаар ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдод шаардлага хүргүүлжээ. Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. ХЭҮК уг үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагаас гишүүдийн хэвлэлийнхэнд ярилцлага, мэдээлэл өгөх эрхийг хязгаарлаж, дэвсэж буй эсгий зэргийг нь авна хэмээн хүч хэрэглэхийг завдсан аж. УИХ-ын гишүүн Ц.Туваан "Цагдаа нар явуулахгүй алхам бүрд зогсоож зүй бусаар харилцаж байна. Биед халдлаа" хэмээсэн. ХЭҮК-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлснийг дээр дурдсан. Шаардлагад "ХЭҮК үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Өлсгөлөн зарлаж буй нэр бүхий Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан, хуурай дэвсгэр, хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг нэн даруй бүрдүүлнэ үү" хэмээн бичжээ.