Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Тус гүүрний явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгээ албаныхан хотын даргад танилцуулав. Харин хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга Г.Билгүүн “Энхтайваны гүүр ашиглалтад орсноос хойш их засвар нэг л удаа хийсэн. Өмнө нь бетонон суурьтай замыг будаад өнгөрдөг байсан бол энэ жил халтиргаа гулгаанаас хамгаалсан керамик гадаргуутай зориулалтын бүрмэлээр бүрж байна. Энэ нь насжилтын хувьд ч удаан. Их засвар биш, урсгал засвар гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гүүрний засварын тохижилтын ажил эхлээд тав хонож байна” гэв. Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат “Энхтайваны гүүрний хэв гажилт, заадас засварын ажил, мөн хучилтын хийцийг бүрэн засаж байна. Гурван хэв гажилтын заадасны хоёрыг нь засчихсан” хэмээн ярилаа. 10 гаруй хоногийн өмнө болсон шуурганаар 30 жил болсон гэрлийн шон унах аюулд оржээ. Иймээс гэрлийн шонг бүрэн бэхэлж, стандартын дагуу суурилуулахаар болжээ. Гэрлийн шонгуудыг өнөөдрөөс суурилуулж эхэлжээ.