ОХУ-аас манай хилээр сум, зэвсэг нэвтрүүлэхийг завдсан хоёр удаагийн тохиолдол гарсныг хилчид илрүүлэн саатуулсан байна. Тухайлбал, Тува улсын иргэн Монгул-оол Радион Биче-оол “Хонда” маркийн автомашинаар Арц Суурийн хилийн боомтоор нэвтрэхээр орж иржээ. Энэ үед хилийн шалган нэвтрүүлэх албаны ахлах дэслэгч Ц.Даваадорж ахлагчтай тээврийн хэрэгслийн шалгах манааны хилчид үзлэг хийсэн байна.
Гэтэл автомашины зүүн суудал дороос гар буу олджээ. Нарийвчлан үзлэг хийхэд уг буу нь “BAE RAN” маркийн 4.05 мм калибртай хийн ажиллагаатай гар буу, дөрвөн ширхэг үрлэн сумтайгаа байжээ. Энэ хэргийг өдгөө хилийн тагнуулын тасаг шалгаж эхэлжээ. Түүний зэрэгцээ Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтод орж ирсэн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 363 дугаар галт тэрэгнээс АКМ бууны сум илэрсэн байна.
Хилчин шалгагч нар галт тэрэгний зүтгүүрийн тэжээлийн хайрцгаас 7.62 мм-ийн голчтой 10 ширхэг сум олдсон мэдээллийн дагуу шуурхай бүлэг томилогдон шалгалт хийж эзэн холбогдогчийг нь тогтоохоор тагнуулын албанд шилжүүлэн шалгуулж эхэлжээ.
Г.ОРЧЛОН