Зохистой хөдөлмөрийн хэрэгжилтийг дэмжих асуудлаарх техникийн ажлын хэсгийн ээлжит цахим уулзалт боллоо. Уулзалтаар ОУХБ-аас дангаараа болон бусад донор болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудлын хүрээнд танилцуулга хийж, оролцогчид санал бодлоо харилцан солилцсон байна. Өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөрийн хэрэгжилтийг дэмжих, албан салбарын хөдөлмөр эрхлэлтийг албажуулах, тэнд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчдын нийгмийн хамгаалал зэрэг чиглэлээр ОУХБ-аас дагнан болон НҮБ, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй нийт дөрвөн төслийг танилцуулав. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын газрууд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил олгогч Эздийн Нэгдсэн холбоо, Үндэсний Статистикийн Хороо болон яамны холбогдох харьяа байгууллагуудын төлөөлөл оролцов. Оролцогчид дээрх төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, цаашид уялдааг хэрхэн сайжруулах, цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүсч буй хүндрэл зэрэг чиглэлээр санал солилцож, эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Зохистой хөдөлмөр эрхэлснээр хүмүүс, гэр бүлүүд мөнгөтэй болж, худалдан авалт хийх замаар орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулна. Тэдний худалдан авах чадвар нь эдийн засгийн өсөлт, тогтвортой үйлдвэрүүд, ялангуяа жижиг бизнесийн хөгжлийг дэмжиж, тэр хэрээр эргээд эдгээр нь илүү олон хүнийг ажилд авч, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах боломжтой болно. Улмаар энэ нь татварын орлогыг нэмэгдүүлж, ажил олж чадахгүй байгаа, эсвэл ажил эрхлэх боломжгүй хүмүүсийг хамгаалах нийгмийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бүрддэг. Хүмүүс илүү олноороо зохистой хөдөлмөр эрхлэх нь эдийн засаг илүү хурдацтай, хүртээмжтэй өсөх чухал нөлөө үзүүлдэг. Өсөлт ийнхүү сайжирснаар зохистой ажлын байр бий болгоход зарцуулах нөөц нэмэгдэх юм.