“Би хариуцлагатай аав, ээж” аяны хүрээнд эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгээр иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг идэвхжүүлэх зорилгоор телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.
Бүтээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд хүлээн авч, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулна. Бүтээлээ “Би хариуцлагатай аав”, “Би хариуцлагатай ээж”, “Гэр дүүрэн хайр”, “Хайраа бусдад харамгүй түгээе”, “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” гэсэн таван сэдвийн хүрээнд туурвих боломжтой. Мөн нэвтрүүлгээр дамжуулж эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийтэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах шаардлага тавьжээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг.