Төрийн албаны зөвлөл “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай, шуурхай шийдвэрлэж, төрийн албаны үйл ажиллагаагааг идэвхтэй үргэлжлүүлэх талаар цахим хурал хийв. Тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэ үеэр "Иргэдийг "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил шуурхай явуулж, төрийн алба дархлаажуулалтын дараах шат руу орж, цар тахлын дараах нийгмийн амьдралын шинэ хэв маяг (new normal)-т дасан зохицож ажиллах нь цаг хугацааны асуудал болж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төрийн албан дахь дижитал орон зайн тэлэлт огцом нэмэгдэж, цахимжих үйл явц хурдаслаа. Төрийн албан хаагчдын ажил, амьдралын зохион байгуулалт, цахимаар ажиллах арга барилд чанарын ахиц дэвшил гарлаа” хэмээн онцолсон байна.
Мөн төрийн албаныхныг Европын холбооны судалгаа, инновацийн “Хоризон-2020” хөтөлбөрийн хүрээнд “КОВИД-19-ийн дараах төрийн алба” олон улсын дээд түвшний форумын “Хямралын үр дагавраас суралцан эргэцүүлэхүй: Глобал хамтын туршлага”-ыг ажилдаа туршин нэвтрүүлж, үр дүнд хүрэгч байгууллага болох чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, зөв, шуурхай зохион байгуулахад мэдээлэл-арга зүйн лавлагаа болгох, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг төрийн албанд шуурхай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ковид-19: төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлага бэлтгэжээ.
Дээрх гарын авлагад цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, бэлэн байдлын үе дэх төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, цахим хурлын аргачлал, хорио цээрийн дэглэмийн нөхцөлд сургалт, судалгаа зохион байгуулах, олон нийтийн уулзалт цугларалтын үед халдварын эрсдэлийг бууруулах санамж, зөвлөмжийг тусгасан аж.