Сүхбаатар дүүргийн прокурорын газраас цахим орчин, банкны үйл ажиллагааг хууль бусаар ашиглан үйлдэгдсэн залилах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2020, 2021 оны I улирлын байдлаар судалжээ.
Тодруулбал, тус дүүргийн хэмжээнд цахим орчинд болон мөнгөн гуйвуулга, интернэт банк, банкны карт ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 онд 15, 2021 оны I улиралд 4, нийт 19 гарч, гэмт хэргийн улмаас бусдад 186,785,620 төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр гэмт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг байгаа бол алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг нэг гарчээ.
Дээрх гэмт хэргүүдэд нийт 21 хүн холбогдсон бөгөөд 43 хувь нь 18-25, бусад нь 25-аас дээш насны хүмүүс байна. Боловсролын хувьд дээд боловсролтой 6, бүрэн, бүрэн дунд боловсролтой 15 хүн байгаа бол урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 3, банкинд ажилладаг 3 хүн холбогдон шалгагджээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийхэд, иргэд цахим орчинд худалдан авалт хийхдээ болон мөнгө зээлдүүлэхийг хүссэн найзын хүсэлтийн дагуу мөнгө өгөхдөө шалгаж, нягтлаагүйгээс хохирогч болсон тохиолдол их байна. Мөн дэлгүүр, олон нийтийн газарт худалдан авалт хийхдээ банкны картынхаа нууц дугаарыг хэлдэг, танихгүй хүнд дансаа ашиглуулдаг, АТМ-ээс мөнгө авахдаа бусдаас тусламж гуйдаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх боломж, нөхцөл болсон байна.
Иймд тус дүүргийн прокурорын газраас дээрх аргаар үйлдэгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд ойлголт, мэдээлэл өгөх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөн, энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн 18 дугаар хорооны Засаг даргад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.