Хөвсгөл аймагт нэгэн иргэн "Портер" загварын автомашинаа хашаанаас гаргахаар ухрах хөдөлгөөн хийхдээ нэг нас долоон сартай хүүхдийг болгоомжгүйгээр дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Өмнө нь ч жолооч нар ухрах үйлдэл хийж, санамсар болгоомжгүйгээр хүүхдээ дайрч, хохироосон нь цөөнгүй. Тухайлбал, 2021 оны эхний таван сард 1-3 насны нийт дөрвөн хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд дайруулж цаг бусаар эндсэн байна. Зам тээврийн осолд цөөнгүй хүүхэд өртөж амиа алддаг. Тэр дундаа томчууд хашаандаа машинаа байрлуулах, гаргах зэргээр ухрах хөдөлгөөн хийхдээ бага насны хүүхдийг харалгүйгээр дайрч гэмтээж, амь насанд нь хүрэх тохиолдол гардаг. Энэ талаар цагдаагийн байгууллагаас байнга анхааруулдаг ч жолооч нар хэнэггүй, хариуцлагагүй байдлаасаа болж дээрх төрлийн осол гаргасаар, хайртай дотнын хүнээ хөнөөсөөр байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллага жолооч нарт хандаж, хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож буй, эсэхийг заавал шалгахыг дахин анхаарууллаа.
Хүүхдийн амь хохирсон үндсэн шалтгааныг Тээврийн цагдаагийн албанаас дараах байдлаар тодорхойлжээ. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих хараа хяналт сул, тээврийн хэрэгслийн жолооч гэрийнхээ хашаа, гаднах зогсоолоос хөдөлгөөн эхлэхдээ эргэн тойрныг нягталж, шалгалгүй хөдөлгөөнөө эхэлдэг хэмээн үзжээ.