-“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчдийг хэрэгт холбогдогчоор шалга гэх чиглэлийг Улсын ерөнхий прокурорын газраас цагдаагийн байгууллагад өгсөн. Хэвлэлийн эрх чөлөөнийх нь өдөр холбогдогчоор дуудан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа” гэсэн мэдээлэл гарсан. Танай байгууллага үнэхээр сэтгүүлч нарыг нэр зааж холбогдогчоор шалгах үүрэг чиглэл өгсөн юм уу?
-Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Metoomongolia хөдөлгөөн” болон нийгмийн бусад сүлжээгээр удаа дараа гарч байгаа “Бэлгийн дарамт учруулах” зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоолгох тухай албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь хянаад хууль, тогтоомжийн дагуу харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн. Прокуророос холбогдох материалыг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад хүргүүлэхдээ хэн нэгэн хүнийг болон сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдуулан шалга гэсэн үүрэг чиглэл өгөөгүй. Мөн дээрх нэр бүхий сэтгүүлч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг нь ташаа мэдээлэл.
-Тэгвэл сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг яагаад цагдаагийн байгууллагаас холбогдогчоор дуудсан юм бэ?
-Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг шалгаж, шийдвэрлэдэг. Тиймээс энэ талаар тухайн байгууллагаас тодруулах нь зүйтэй.