Улсын хэмжээнд долоо хоногийн хугацаанд буюу өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 2-ны хооронд 7987 иргэн коронавирусээр халдварлаж, 39 хүн нас барлаа. Энэ нь өмнөх долоо хоног буюу өнгөрсөн сарын 19-25-ны үзүүлэлтээс халдвар авсан хүний тоо 501-ээр цөөрч, нас барсан нь таваар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийслэлд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоогоод 22 хоног өнгөрсөн. Гэсэн ч халдвар авсан хүний тоо буурахгүй 1000-аас давсан хэвээр байна. Тэр дундаа өнгөрсөн баасан гарагт 1356 хүнээс коронавирус илрүүлсэн нь нэг хоногт бүртгэсэн хамгийн олон тохиолдол болов. Үүнээс өмнө өнгөрсөн сарын 18-нд 1340 иргэн “Ковид-19”-өөр өвчилснийг нотолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байлаа. ЭМЯ-наас “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо тодорхой хэмжээгээр буурч байна. Өмнө нь хүн амын дундаас буюу хяналт, тусгаарлалтад оруулаагүй иргэдээс коронавирус илрэх нь түгээмэл байсан. Харин өдгөө илрүүлж буй тохиолдлын олонх нь ойрын хавьтлын, тусгаарлалтад байсан хүмүүс. Хүн амын дундаас илрүүлэх тохиолдлын тоо эрс буурсан” гэсэн юм.
Манай улсад өчигдрийн байдлаар нийт 38 470 иргэн халдвар авч, 117 нь нас барав. Өнгөрсөн сарын 28-нд коронавирусийн улмаас есөн хүн нас барсан нь нэг хоногийн дээд үзүүлэлтээр бүртгэгдсэн юм. Нийслэлд өдгөө 30 эмнэлэгт, мөн халдвар дэгдсэн аймаг бүрт “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийг эмчилж байгаа. Биеийн байдал нь хүндэрсэн өвчтөн тогтмол нэмэгдэж байгаа, тэр хэрээр нас баралт ихэссэнийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тухайлбал, эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 112 буюу 2.3 хувийнх нь биеийн байдал маш хүнд гэнэ. Долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт 1-1.6 хувьтай байжээ.
Бэлтгэсэн: М.Оч