Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын 1 хүртэл хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг өгнө. Тэгвэл уг мөнгийг цаашид үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга боловсруулан Засгийн газар хүргүүллээ. Уг төсөлд “Цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, эдийн засгийн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагын үүднээс хүүхдийн мөнгө олгох ажлыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай. Хүүхэд бүрт долдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, хугацаа заалгүйгээр үргэлжлүүлэх, үүнийг халамж гэхээс илүүтэй хүн амаа өсгөх бодлого, хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах боломжийг бий болгох үүднээс анхаарч, цаашид уг тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх” талаар тусгажээ. Үндсэн хуулийн 33.1.3-т “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Бэлтгэсэн: Б.Анх