Өчигдрийн 5336 эмч, сувилагч нар халдварын улаан бүсэд эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээний бусад чиглэлээр ажиллаж байна гэдгийг ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ. Тэрбээр, "Халдварын улаан бүсэд эмч, сувилагч нар өдөр шөнөгүй халдвартай тэмцэлдэн ажиллаж байна. Тодруулбал, 1300 нь эмч, 1400 нь сувилагч, тархвар судлаач бусад ажилтнууд ажиллаж байна.Бас арын албанд ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь оролцуулбал маш олон тоо гарна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн салбарынхан бүгдээрээ коронавирусийн халдвартай тэмцэн ажиллаж байгаа юм.
Мөн орон нутагт одоогоор 3000 гаруй ор дэлгэж байна. Цаашид 7700 гаруй ор дэлгэхээр төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Ковидоос өмнө улсын хэмжээнд 300 гаруй эрчимт эмчилгээний ор ажиллуулж байсан бол өнөөдөр орны тоог 200 гаруйгаар нэмэгдүүлсэн. Амьсгалын аппарат улсын хэмжээнд 1000 орчим бий. Энэ манай улсын хувьд хангалттай хүрэлцэнэ. Харин үүнийг ажиллуулах хүний нөөц хомсдолтой болж байна. Нэн хүнд ангилалд байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 112 байна.