Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн. Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч буй төрүүлсэн эхэд тэтгэмж олгохоор хуульчилсан нь ижил нөхцөлд байгаа эцгийн тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзсэн юм. Дээрх дүгнэлтийг УИХ хүлээн авч, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Үүнийг чуулганы өчигдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов. 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгохоор төсөлд тусгасан аж. Уг заалтыг хэрэгжүүлэхэд зарцуулах 6.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэх боломжтойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцолсон юм
Бэлтгэсэн: Б.Нандин