1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ?
-QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.
-Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?
-2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд 616.717, II тунд 285105 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин 112 цэгт 294 багийн 2658 эмч, ажилтан ажиллаж, 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж I, II тундаа хамрагдах боломжтой.
-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.
- Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
- Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын Номин агуулахын гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Мөн энэ долоо хоногийн бямба, ням гарагт доорх цэгүүд ээлжлэн ажиллана.
Тавдугаар сарын 1-нд буюу бямба гарагт:
- Баянгол дүүрэг - 13 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг - 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг - Таваншарын Номин агуулахын гадна талбай
Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт:
- Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль
- Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.