Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт ховор амьтны жагсаалтад орсон хоёр хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан таван иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Хэргийн талаар дурдвал, 2020 оны арвандүгээр сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт иргэн Д нарын зургаан иргэн бүлэглэн ховор амьтны жагсаалтад орсон хар сүүлт зээрийг зөвшөөрөлгүйгээр агнаж, мөн үедээ буу алдан тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан иргэн Г-ын хүзүүн тус газар онож амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 -1-т заасан Хууль бусаар ан агнах, 10.6-1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хэргийг өчигдөр (дөрөвдүгээр сарын 28) хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5,5-7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Харин бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон нэг иргэнийг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилээр тэнсэж шийтгэсэн байна. Мөн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.