Гэр бүлийн хүчирхийллийн талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалантай ярилцлаа.
-Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдөрт хэд бүртгэгдэж байна.
- Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Хөл хорионы эхний өдөр буюу 2021 оны 4-р сарын 10-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 182 дуудлага ирүүлсэн. Түүнээс хойш өдөрт 100-150 дуудлага ирж байгаа.
-Хүмүүс хүчирхийлэл үйлдэхэд согтууруулах ундаа хэр нөлөөлдөг вэ?
- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 60 орчим хувь нь эрүүл байх үедээ үйлдэгдсэн байдаг. Ажилгүйдэл, архидалт, ядуурал гэх мэт зүйлс нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлдөг туслах хүчин зүйл юм. Үүнд гэр бүлийн суурь хүмүүжил ч нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа юм. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн хүчтэй, хүчгүй харилцаанаас хүчирхийлэл үйлдэгддэг гэж ойлгож болно.
- Бие болон сэтгэлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр хэрхэн хамгаалж байна?
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “хохирогчийг түр хамгаалах байранд, нэг цэгийн үйлчилгээний төвд, эсвэл төрөл садангийн хамгаалалтад өгөх” гэж заасан. Одоогоор улсын хэмжээнд 34 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. Он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1053 иргэнийг төрийн хамгаалалтад авсан.
-Хүчирхийлэл үйлдсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна сэтгэлзүйн эмчилгээ хийдэг үү?
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зан үйлд нөлөөлөх сургалтын талаар заасан байдаг. Гэмт этгээд шүүхийн шийдвэрээр баривчлагдаж байх хугацаандаа мөн хоригдож байх хугацаандаа зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагддаг. Эл сургалт нь албадан болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй бөгөөд хэдэн цагийн албадан сургалтад суухыг шүүхээс тодорхойлдог.
-Эргэн тойронд хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж байгааг мэдвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана, хайртай дотны хүмүүсийн дунд үйлдэгддэг гэмт хэрэг юм. Зарим хохирогч хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч өөрийн болон гэр бүлийн нэр төрөө боддог. Мөн дахин хүчирхийлэлд өртөхөөс айх, эсвэл санхүүгийн байдлаар хараат болсон учир хуулийн байгууллагад ханддаггүй. Тиймээс хөрш айлууд, иргэд энэ талаар дуудлага, мэдээлэл өгч байх нь далд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг ил болгоход туслах юм.