Хүний эрхийн үндэсний комиссоос цэрэг дэглэлттэй холбоотой өнгөрсөн таван жилийн доторх аливаа гомдол мэдээллийг хүлээн авч шалгахаар төлөвлөжээ. Үүнд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн анги байгууллагад хугацаат цэргийн алба хаагч болон халагдсан цэргүүд, ар гэрийнхний үүрэг оролцоо чухал. Тодруулбал, иргэн гурван жилийн өмнө, хоёр жилийн цэргийн алба хаагаад халагдсан байж болно. Харин таныг алба хаах хугацаанд цэргийн дасгал сургуулилт нэрийн дор халхавчлан бие, мах бод болон сэтгэл санаанд тань хохирол учруулсан уу, эрх, эрх чөлөөг нь зөрчсөн үү, ар гэрээс нь мөнгө, элдэв зүйл нэхсэн үү гэдгээ холбогдох газарт мэдүүлэхэд л болох нь. Мөн алба хаах хугацаандаа эрүүл мэндээрээ хохирсон ч нөхөн төлбөр авч чадаагүй бол ХЭҮК-т хандаарай. Одоо алба хааж буй цэргүүдэд дээрх зүйл тохиолдсон, тэгш бус харилцаж нэр төрийг тань гутаасан, аливаа гомдол гаргаад удирдлага нь үл хэрэгссэн бол газар авхуулахгүй таслан зогсоохын тулд дээрх хүний эрхийн байгууллагад хандах боломжтой. Дээр дурдагдсан зүйлүүд танд тохиолдсон л бол таван жил болсон ч хамаагүй гомдол мэдээлэл гаргах эрхтэй аж.