Хот тохижилтын газрынхан урин хаврыг угтаж Улаанбаатарын их цэвэрлэгээг эхлүүлсэн. Тэгвэл тус газрын Ногоон байгууламжийн албаны найман ажилчин Л.Энэбишийн өргөн чөлөөнд 900 метр квадрат газрын өнжмөл өвсийг самнаж, 182 бутыг хэлбэржүүлэн засаж, цэвэрлэсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн “Тасганы овоо” гэх газрын 181 улиас модны шилбийг будаж, цэвэрлэжээ. Ташрамд дурдахад Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг маргаашийн 20.00 цагаас тавдугаар сарын 8-ны өглөө 06.00 цаг хүртэл хааж тус гүүрийн хэв гажилтын заадас засварыг хийх юм байна.