УИХ-ын ээлжит чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Засгийн газраас энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн уг төслийг яаралтай горимоор хэлэлцэж, тухайн өдөр анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгээгүй, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнхийг гараар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулдаг. Цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх зорилгоор импортоор оруулж буй болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.
Төсвийн байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хууль хэрэгжүүлэх хугацааг “2025 оны нэгдүгээр сарын 1-нийг” хүртэл гэж өөрчлөх санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад гишүүний гаргасан дээрх саналыг дэмжсэн юм.
Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд хөнгөлөхөөр тусгасан.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд төслүүдийг эцэслэн батлах санал хураахад Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.2 хувь нь, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг батлахыг 59.7 хувь нь тус тус дэмжив.
Бэлтгэсэн: А.Амина