Хөл хориог дахин сунгах болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захиал Л.Баттөр "Өнгөрсөн хугацаанд цаг хугацааг хэмнэх үүднээс PCR-т суурилсан мутацад орсон вирусийг илрүүлэх шинжилгээ хийсэн. Эл шинжилгээнд 55 сорьцыг хамруулахад таван хүнээс нь коронавирусийн мутацад орсон хэлбэр илэрлээ. Гадаадаас ирсэн иргэдийн 33 сорьцод шинжилгээ хийхэд гурваас нь илэрсэн. Энэ нь Турк улсаас эх орондоо ирж, 10 орчим хоног эмчилгээнд хамрагдаад буй иргэд. Тэднээс коронавирусийн Их Британийн хувилбар нь илрээд байгаа юм. Мөн дотоодод халдвар авсан иргэдийн дундаас 22 сорьц сонгон авч, шинжилгээнд хамруулахад хоёр хүнээс мутацад орсон хэлбэр илэрлээ. Мутацад орсон вирусийг вакцин эсэргүүцэж чадах, эсэх талаар хийсэн нарийвчилсан судалгаа одоогоор алга. Эл төрлийн вирус нь хурдан тархалттай, өвчнийг хүндрүүлж, нас баралтыг эрчимжүүлдэг. Мөн өндөр настнууд коронавирусийн халдвар авах нь дэлхий нийтэд их байгаа учир манай улс ч 55-аас дээш насныхныг дархлаажуулалтад эрчимтэй хамруулахаар ажиллаж байна" гэв.