Нийслэлийн 11 дүгээр сургуульд байгуулсан дархлаажуулалтын цэгт өчигдөр олон хүн дугаарлаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм алдагдлаа. Тэдний олонх нь халдвар авах эрсдэлтэй өндөр настан иргэн байв. Түүнчлэн хоёр дахь тунгаа хийлгэх гэсэн иргэн цөөнгүй байлаа. Зарим хүн 06.00 цагаас эхлэн дугаарласан ч 11.30-ийн үед арайхийн орсноо хэлсэн. Тус сургуульд ямар нэгэн харьяалал харгалзахгүйгээр вакцины хоёр дахь тунг хийж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнээс харсан учир ирсэн гэж иргэдийн төлөөлөл хэлсэн юм.
Эл цэгт Геронтологийн үндэсний төвийнхөн ажиллаж, 50-иас дээш настай иргэдэд вакцины нэг, хоёр дахь тунг хийж буй. Нөхцөл байдлыг хэрхэн зохицуулсныг өчигдөр 16.30 цагийн үед дээрх төвийнхнөөс тодруулахад “Ерөөсөө иргэд нэг нэгнээсээ сонссон дам мэдээллээр энд вакцины хоёр дахь тунг хийж байна гэж ойлгоод л хүрээд иржээ. Манайх чиг үүргийнхээ хүрээнд өндөр настай иргэдийг дархлаажуулж буй. Гэхдээ нэгэнт олон хүн дугаарласан, бас өнөө өглөө (өчигдөр) нэлээд сэрүүн байсан учраас онцгой байдлын албаныханд хандан шуурхай арга хэмжээ авхуулсан. Манай улсын дархлаажуулалтын гол зорилго нь өндөр настай хүмүүсийг түрүүлж вакцинд хамруулах учраас ирсэн иргэдийг буцаах эрх бидэнд байхгүй. Тиймээс гурван автобус гарган, дугаарласан иргэдийг 20, 20-иор нь хоёр удаа тээвэрлэн өөр цэгүүдэд хүргэж, дархлаажуулалтад хамрууллаа. Монголын хүүхдийн ордон болон нийслэлийн III, IV сургууль дахь цэгт иргэдийг хүргэж, вакцин тариулсан” гэсэн юм. Нийслэлд тэтгэврийн насны 120 000 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний 71 хувь нь вакцины нэг дэх тунгаа хийлгэжээ. Мөн 10 хувь нь хоёр дахь тунгаа тариулсан байна.