Орхон аймагт өнгөрсөн пүрэв гаригт зам тээврийн осол гарч, зургаан хүн гэмтэж, жолооч нь газар дээрээ нас баржээ. Тус аймгийн Цагдаагийн газрын ажилтан “Аймгийн төвийн Баянцагаан багийн нутаг, ДЦС-ын дэргэдэх засмал замаар явж байсан “Ланд круйзер” маркийн машин дулаан дамжуулах төмөр хоолойг мөргөсөн.
Энэ ослын улмаас машин жолоодож явсан Ч гэдэг хүн нас барж, машинд сууж явсан зургаан хүн хүнд гэмтсэн” гэв. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд талийгаачийг Хилийн цэргийн 0119 буюу барилгын ангид ерөнхий инженер гэж тэмдэглэжээ.
Харин ослын шалтгаан нөхцөлийн талаар эх сурвалжууд хурдаа тохируулж яваагүйгээс болсон гэлээ. Энэ талаар ХХЕГ-ын ажилтнаас тодруулахад “Талийгаач манай алба хаагч биш.
Тэрбээр 1990-ээд оны үед тэтгэвэртээ гарсан хүн. Өдгөө хувийн нэгэн компанийн захирлаар ажилладаг хүн байна лээ” гэв.
Г.Цолмон