Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид удахгүй халагдана. ЗХЖШ-ын удирдлага мөд халагдах цэргүүдтэй уулзаж, ярилцсан байна. Хошууч генерал Д.Ганзориг “Юуны өмнө эрхэм дайчдадаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлсэн явдалд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Өнөөдөр эрхэм түрүүч, байлдагч нар "Цэргийн албанаас би юу суралцсан бэ?" гээд тунгаан бодож байгаа байх. Цэргийн хэргийн эрдэм, мэдлэгээс гадна амьдралдаа хэрэгтэй зан төлөв, тэсвэр хатуужил, цаг төлөвлөлт, итгэл үнэмшил, бахархал омогшил гээд олон ч зүйлийг нэрлэж болно. Миний зүгээс та нарт захих зүйл бол цэргийн албанаас сурсан энэ бүх эрдэм мэдлэгээ амьдралынхаа хэвшил болгож яваарай. Хоёрдугаарт, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэхэд залуу хүний хувьд санаачилгатай бай. Эрүүл хүн бүхнийг хийж чадна. Хэт техник, технологижсон зүйлд дурлаж, сошиал орчинд амьдралынхаа үнэтэй цагуудыг өнгөрөөд байвал ирээдүйд сайн зүйлд хүргэхгүй байх шүү. Зөв амьдралын хэвшлийг өөртөө бий болгоорой. Гуравдугаарт, залуу эрчүүдийн хувьд нэг их удахгүй гэр бүл төлөвлөж, гэрийн эзэн бөгөөд эцэг хүн болно. Өрхийн тэргүүн хүн ямар хариуцлагатай байх ёстой вэ тэр бүрийг эр цэргийн албаа хаасан дайчны хувьд түүртэлгүй, нэр төртэй биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн амьдралынхаа төлөвлөгөөг наад зах нь 5-10 жилээр харж, түүнийхээ төлөө зоригтой алхам хийж, хичээгээрэй” хэмээгээд хугацаат цэргийн алба хаагчдаас хэтийн болон ойрын төлөвлөгөөнийх нь талаар харилцан ярилцаж, өөрийнхөө залуу насны туршлага, сургамжийг ч хамтдаа хуваалцсан юм.
Харин цэргүүд халагдаад аавдаа тусалж, малчин болно, урлагийн том зүтгэлтэн болно, албан ёсны зөвшөөрөлтэй PC тоглоомын газар ажиллуулна, хуульч болно, онцгой байдлын алба хаагч болно хэмээн хүсэл мөрөөдлөө хуваалцсан бол зарим нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангидаа улирч, ахлагчийн албанд шилжихээр хүсэлтээ өгснөө хэлжээ.
Үүний дараа хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан дэд түрүүч Ц.Үржинханд, байлдагч П.Баттөр, Э.Хүдэрчулуун нарыг ЗХЖШ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг нөхдийнх нь өмнө гардуулан өгч, баяр хүргээд, дайчдад цэргийн албаараа үргэлж бахархаж явахыг захилаа.
Мөн цэргийн дүрэмт хувцастайгаа халагдах цэргүүдэд төрийн хувцсыг дүрмийн бусаар өөрчилж, загварыг нь гажуудуулахыг хатуу хориглодогийг сануулжээ.