Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон төрийн албаны “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд 2020 онд нэмэлт хөгжүүлэлтийн явцтай танилцаж, зөвлөмж өглөө. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлтээр төрийн байгууллагууд дундын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болж албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, нөөцийн бүртгэл, бүтэц бүрэлдэхүүний нэгтгэл, сахилгын зөрчил зэрэг мэдээллүүдийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хиймэл оюун ухаанд суурилан боловсруулж, ашиглах нөхцөл бүрдэж буй. “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-ийн төсөлд уг зөвлөлийг төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулахад үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж өгөх чиглэлээр ажиллахаар тодорхойлсон бөгөөд дүрмийн төслийг “Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллагатай хамтран гадаад орны туршлага, төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал зэрэгт дүн шинжилгээ хийж боловсруулсан талаар ажлын хэсэг мэдээлэв. Хуралдаанаар дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн санал авах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл өглөө. Энэхүү дүрмийн төсөл батлагдсанаар Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллах эрх зүйн үндэс бүрэлдэж, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон нийтийн саналыг тусгах, мэргэжил арга зүйн дүгнэлт, зөвлөмжөөр хангах боломж бий болно.