Чингэлтэй дүүргийн XIX хороо, Шадавлин болон Шаргаморьт, Сэлх, Бэлхийн зуслан явдаг авто замын уулзвар орчим цөөнгүй дэлгүүртэй, автомашин, хүн хөлхсөн хөл ихтэй орчин. Тэнд хэв журам сахиулж, хотын төв, эсвэл зуслангийн бүс рүү зорчих хөдөлгөөнд хяналт тавьж буй хоёр цагдаагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийн журмыг иргэд хэр мөрдөж байгаа, ажил үүргээ гүйцэтгэхэд ямар бэрхшээл тулгарч буй талаар нь лавлахаар (өнгөрсөн мягмар гарагт 14.00 цаг орчимд) замын хажууд хүлээн зогсов. Хоёр урсгалтай авто замаар олон тэрэг зөрөн, цагдаад бичиг баримтаа шалгуулахаар нэг эгнээнд л тав, зургаагаараа дугаарлан зогсжээ. Цагдаа, жолоочийн хооронд ийн ярилцах сонсогдов.
-Амрыг эрье, хаашаа явж байна вэ?
-Шаргаморьтоос гарсан, холдохгүй ээ, “Зунжин” дэлгүүр орж, хүнсээ базаая.
-Ийм олуулаа, нэг дор зорчиж болохгүй, ганц, хоёроороо явах хэрэгтэй
-За, ойлголоо. Ингэж хэлчихээд, гэр бүлийн зориулалттай жийп машинтай зургаан хүн явж одов. Зуслан явахаар цуван зогссон автомашинтай хүмүүс рүү очсон цагдаа:
-Амрыг эрье, хаашаа зорчиж явна?
-Санзай орно, салхилахыг хориогүй биз дээ?
-Хориогүй ээ, гэхдээ ийм олуулаа явах нь эрсдэлтэйг анхаараарай.
-Гэр бүлээрээ л явна шүү дээ хэмээн хариулж, автомашиндаа 4-5 хүн суулгасан жолооч хөдөллөө. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүргийн Онцгой байдлын албаны ажилтан Б.Балдоржоос зөвшөөрөл бүхий албан байгууллагынхан, алба хаагчдыг нааш, цааш нэвтрүүлж буй, эсэхийг асуухад “Хүмүүсийг гэрийнхээ ойр орчимд, ногоон бүсэд салхилахыг зөвшөөрсөн Шадар сайдын тушаал бий учраас зуслан явах хөдөлгөөнийг хорьж чадахгүй байна. Хэдхэн хором зогсоход л автомашинтай иргэд хэр их явж буйг та харж буй биз. Өвөл тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй харьцуулахад маш “зөөлөн” хорио болж байна гэх үү дээ. Хүнсээ цуглуулъя, зуслангийн байрандаа очъё гэхээр хориглож болохгүй байна” гэлээ. Мөн зам дагуу байрладаг “Дэмчиг хайрхан” хүнсний дэлгүүрт ч үйлчлүүлэгч олон байсан бөгөөд цөөнгүй нь шар айраг, цэвэр ус, дарж нөөшилсөн хүнс авч буй нь амралт, зугаалгад явахаар зэхэж байна уу гэлтэй. Тус дэлгүүрийн худалдагч Б “Урин дулааны улирал эхэлсэн, ажилдаа явах хүн цөөрсөн болоод ч тэр үү, манайхаар үйлчлүүлэгчдийн тоо 10-аад хоногийн өмнөөс нэмэгдсэн. Хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан нь энд ер мэдэгдэхгүй байна” гэлээ.
Дээрх дүүргийн Зуунмод зуслангийн ойролцоо, Сэлбэ голын эрэг дагуу зугаалах иргэд ч (уржигдар) цөөнгүй байна билээ. 2-3 автомашинтай ирцгээн, голын эрэгт суун шар айраг ууцгаах нь байсан бол хүүхдүүдээ салхилуулах хүмүүс ч тааралдлаа. Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн О.Гансүхээс хотын төвөөс Зуунмод хүртэл зорчиход авто замын хяналт хэр байгааг асуун, хөл хорионы дэглэмээ хэрхэн мөрдөж буйг нь лавлав. Тэрбээр “Гэр, орон сууцдаа агаар сэлгэлт сайн хий, битүү орчинд байхаас татгалз гэсэн зөвлөмж бий. Чийгтэй байшинд хүүхдүүдээ хэдий болтол хаших вэ, ингээд салхилуулж (гурван хүүхэдтэй гэр бүл) явна. Байрныхаа гадаа гарахгүй, олон хүнтэй харилцахгүй байх үүднээс голын эрэгт ирсэн нь энэ. Бид ямар ч журам, дүрэм зөрчөөгүй, агаарт гарч яваагаа цагдаа нарт хэлсэн, хориглоогүй” гэлээ. Үүнээс гадна автобусанд суух хүмүүсийн тоо ч төдийлөн буураагүй аж. Санзай-“Тэнгис” кинотеатр чиглэлийн бага оврын, “ХО:1” дугаартай автобусны жолооч Б “Ялангуяа дулаан өдөр хүмүүс олноор зорчиж байна. Гол төлөв настайчууд, өсвөр насныхан үйлчлүүлэх нь элбэгшлээ. Хүүхдүүд вирус тээгчид болж, настай хүмүүс хүнд өвдөж байна гэх ч тэд л автобусаар их “тэнэх” юм” гэв.
Баянгол дүүргийн V хороо, X хороолол дахь сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан өсвөр насны зургаан хүүгийн хоёр нь амны хаалтаа доошлуулж, эрүүгээ халхлах янз үзүүлсэн (дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, 16.00 цаг орчимд) байсан. Мөн тэнд унадаг дугуйтай, дугуйт тэшүүртэй хүүхдүүд, нялхыгаа салхилуулсан аав, ээж ч цөөнгүй байлаа. Тоглоомын талбай дахь хүүхдүүд өөр хоорондоо халдвар тарааж, коронавирус тээгч болж буй учраас хүүхдээ салхилуулахдаа халдвар хамгааллыг хэрхэн мөрдөж буйг нь нэгэн ээжээс лавлахад “Өөрөө амны хаалт, нялхдаа ороолт зүүлгээд сууж байна. Энэ тоглоомын талбай, сүүдрэвч бол манай ойролцоох 5-6 байр, миний тооцоогоор 700 гаруй хүний дунд тохижуулсан ганц цэг. Тиймээс хүүхэд, хөгшидгүй олноор цугладаг. Хоорондоо аль болох зай барихыг бид хичээж буй. Энэ байдлаараа вирусийн тархалт буурахгүй зун болбол олон хүүхэд, настайчууд орох, гарах газаргүйдэж хэцүүдэх нь. Халдвар авах хүний тоо өдөр ирэх бүр өссөөр байгаа ч хүүхдүүдээ гэрт нь хориод байж дийлэхгүй нь” хэмээн ярив.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ч иргэдийг гэр бүлийн хүрээнд агаарт гарах, ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхийг хязгаарлаагүй нь үнэн. Тиймээс ч автомашинаар, автобусаар, унадаг дугуйгаар, явганаар зорчих хөдөлгөөн буураагүй, харин ч агаарт гарах, салхилах нэрийдлээр хаа сайгүй хэд гурваараа цуглаж, тоглож буйг харж болох нь. Ийн бөөгнөрч буйгаа халдвар хамгааллын журам зөрчөөгүй, хэнд ч саад болоогүй, гэр бүл, найз нөхдийн хүрээнд хийж буй үйлдэл гэдгээр илэрхийлэх нь олон байна.
Үүнээс гадна коронавирусийн тархалт, хөл хорионы дэглэм зэрэг нь манай улсад, ялангуяа нийслэлд хот төлөвлөлтийг хэрхэн буруу хийж, гажуудал үүсгэснийг харуулсаар. 5-16 давхар, 3-5 орцтой, нэг орцдоо 50-250 айлтай орон сууцуудыг “бөөрийг” нь нийлүүлж олноор барьсан. Харин оршин суугчид биеийн тамир хийх, хүүхдүүд тоглох, хөгшчүүл нарлах томхон зай талбай бараг гаргаагүй. Олон өрхтэй хотхон, орон сууцын хорооллоос нэг айлаас нэг хүн, эсвэл нэг хүүхэд гарч салхилахад л дундаа ашигладаг, хааш хаашаа 100 метр хүрэхгүй талбайд олон арван хүн цуглаж байна. Түүнчлэн зуслангийн бүсэд газар хавтгайруулж олгосон учраас тийш зорчих автомашин олон, замын ачаалал өндөр байгааг дурдмаар санагдав.
Ийнхүү иргэдийн хөл хөдөлгөөн буурахгүй, амарч, салхилахаар зуслан явах, гол ус бараадах нь нэмэгдэн, тоглоомын талбайд өнжих хүүхдүүд олширсноор хөл хорионы үр дүнг алдагдуулж, халдварын тохиолдлыг бууруулахгүй байх нэг шалтгаан болов гэж холбогдох байгууллагаас нь мэдээлж эхэллээ. Улмаар явган болон унадаг дугуйтай хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлан, тоглоомын талбайд хүн оруулахгүй байхаар журамлаж буйгаа нийслэлийн Онцгой комисс танилцуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд 10 хоносны дараа ийм шийдвэр гаргасан нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн үйлдэл биш үү. Хэрэв анхнаасаа явган хүний хөдөлгөөнийг аль болох хорьж, гэр бүл, цөөн тооны хүмүүсийн хүрээнд ч салхинд гарахыг хязгаарлан, хяналт шалгалтаа чангатгасан бол цар тахлын дэгдэлт хумигдан, энх цаг ирэхийг тэсэн ядан хүлээж суугаа иргэд зөрчихгүй байсан болов уу.