БХЯ, ЗХЖШ-ын зүгээс Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд болон нэгтгэл, анги, байгууллагуудын сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудтай хамтран нэгдсэн зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус зөвлөгөөн нь батлан хамгаалах салбарын алба хаагчдын сэтгэл зүйн хангалтын орчинд шинэ гарц, шийдлийг бий болгож хандлагаа өөрчлөн хариуцлагаа өндөржүүлэх, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн соёл хүмүүжлийн офицеруудыг нэг зорилго, чиглэл дор нэгтгэн ажиллуулах тал дээр тодорхой санал тусгах үндсэн зорилготой юм.
ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг зөвлөгөөнийг нээж “Улс үндэстний оршин тогтнохын төлөөх аливаа хямрал, зөрчилдөөнийг дайн байлдааны ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнөөр шийдэхээс илүүтэйгээр ёс суртахуун, сэтгэл зүйн бэлэн бус байлыг эсрэг тал өөрт ашигтай байдлаар гүйцэлдүүлж байгаа гэдэгт цэргийн салбарын эрдэмтэн, судлаачид санал нэгдэж байна. Бие бүрэлдэхүүний цэргийн сургалт, бэлтгэл, сэтгэл зүйн хангалт нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын үйл ажиллагааны амин чухал хэсэг юм. Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулагч бүх шатны захирагч, дарга нар, ялангуяа хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж буй залуу офицеруудын хүнтэй ажиллах арга барилыг сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад сурган дадлагажуулахад нэгтгэл, анги, байгууллагын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын оролцоо тун чухал юм. Сүүлийн үед Зэвсэгт хүчинд гарч буй гэмт хэрэг, сахилгын зөрчил, дутагдлын талаар цахим орчинд сөрөг мэдээллүүд ихээр цацагдаж, ард иргэд, олон нийтийн дунд буруу хандлага бий болж байгаа энэ цаг үед бид бүхэн ажилдаа хандах хандлагаа өөрчилж хариуцлагаа улам бүр сайжруулах шаардлага тулгарч байгаа учир энэхүү цахим зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын АУГ-ын Сургалт хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Мөхсаруул “Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын өнөөгийн байдал, түүнд хийх дүгнэлт, цаашдын чиг хандлага”, Монгол Улсын Гавьяат багш, бэлтгэл хурандаа, доктор, проффессор Г.Мягмаржав “Харилцааны сэтгэл зүй, түүний албан дахь нөлөөлөл”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч Л.Энхтүвшин “Цэргийн насны залуусын нийгэм, сэтгэл зүйн онцлог, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлага”, бэлтгэл хурандаа цэргийн сэтгэл зүйн ухааны магистр С.Энхтайван “Залуу офицеруудын хүнтэй ажиллах арга барил, албандаа хандах хандлага, туршлага, сургамж” сэдвүүдээр лекц тавьж сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж, Зэвсэгт хүчний нийт сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицерууд ажиллах арга барилын талаар тодорхой санал, санаачлага гаргаснаа танилцууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Төрийн батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх ёс суртахуун, сэтгэл зүйн хүчин зүйл, түүнд тавигдах шаардлагын талаар үүрэг, чиглэл өгсөн бол ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг зөвлөгөөнд оролцогчдын асуултад хариулж, санал, хүсэлтийг нь сонсож, гарц, шийдлийг хэлэлцэж ажиллалаа.