Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр мэдээлэлдээ “Сүүлийн үеийн өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улстөржүүлж байгаа учраас тайлбар өгөхийг хүссэн юм. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ш.Жадамбаа генералыг үгийг мэдээллийн эхэнд онцлон дурдъя. “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл домогт генералын тухай номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэ үг бидэнд өнөөдөр том сургамж болон илэрхийлэгдэж байна. Нэн ялангуяа өнөө үед бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд энэ үгийг байнга санаж явах ёстой. Ш.Жадамба генералын “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн илэрхийлсэн нь эх орондоо тангараг өргөсөн, төр нийгмийн зүтгэлтний хойч үедээ захиж үлдээсэн гэрээслэл гэж ойлгож болно. Зэвсэгт хүчин нь аливаа улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалттай. Зэвсэгт хүчний тухай хуулийн 17.1, 17.2-т Зэвсэгт хүчинд улс төрийн нам, улс төрийн зорилготой олон нийтийн, шашны байгууллага байгуулах, цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж буй иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглосон байдаг. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын дөрвөн зарчмын нэг нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг тусгасан байдаг. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улсуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй. Энэ зарчим зөрчигдөж, Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олонтаа тохиолдож байсан. Энэхүү гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын зүгээс хандаж хэлмээр байна. Миний бие ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдох асуудлыг 2019 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Тухайн хэлэлцэх асуудлын үед УИХ-ын гишүүд ч улс төрөөс ангид байхыг онцгойлон хэлж, ялангуяа, тухайн үед байгуулагдаад, үйл ажиллагаа нь идэвхжиж байсан “Үндэсний фронт” хөдөлгөөнд бэлтгэл цэргийн алба хаагчид олноор хамрагдаж байгааг буруутгаж, ийм байдлаас ангид байхыг захиж байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдлыг эргээд харахад өөр байна. Тухайлбал, Монгол Цэргийн Нэгдсэн холбоо гэдэг байгууллагыг та бүхэн мэднэ. Энэ байгууллага анх байгуулагдахдаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байсан. Өдгөө эргээд харахад улс төрөөс шууд хамааралтай буюу Монгол Ардын намын дарга ахлаад явж байна. Дүрэмдээ бол Монгол Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд ахлаж ажиллах заалттай. Энэ асуудлыг холбогдох байгууллагын шийдвэрлэх байх гэж харж байна. Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол мэдээж сайшаалтай. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд байгууллагаас шийдвэрлэх хүсэл, эрмэлзлэлтэй байна гэж харж байна. Ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг цэргийнхэн бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гаргасан гэж үзэж байна. Тухайн үед улс төрийн тоглолт хийж, улс орны батлан хамгаалах чадавхтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууц задлах нөхцөлийг бүрдүүлсэн. Зэвсэгт хүчинд жижиг асуудал гэж байдаггүй. Нийгмийн олон талт харилцаа, сайн муу тусгал цэргийн албыг тойроогүй. Улс төржүүлж болохгүй асуудал гэж бий, зөрчигдвөл том төлөөсийг улс үндсээрээ төлдөг гашуун сургамжийг мартаж болохгүй.Эрхэм улс төрчид маань Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдгийг ажил хариуцаж байгаагийн хувьд илэрхийлье.Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй, эх орон, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэрийг Зэвсэгт хүчин хүндлэн биелүүлнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч ч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт дээр “Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстой”-г захиж, анхааруулж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнийг онцгойлон хэлж байгаа нь сэтгүүлчид та бүхнийг болж байгаа үйл явдлыг гуйвуулахгүйгээр олон нийтэд хүргээсэй хэмээсэндээ дурдаж байгаа юм" гэв.
Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ-т ажиллахдаа гурван чиглэлээр үүрэг өгсөн байна. Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах асуудлаар ярьжээ. Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр “Ковид-19”-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон байна. Гуравдугаарт, Монгол Цэргийн Нэгдсэн холбоотой үйл ажиллагааны талаар лавлаж асуусан гэнэ. Өчигдөр Монгол Ардын Намын зүгээс хийсэн мэдэгдлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан асуудлыг улс төрийн өнцгөөс холбон ярьсныг ЗХЖШ-ын зүгээс албан ёсоор няцааж буйгаа мэдэгдсэн юм.