Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дархлаагаа дэмжих, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний алба хаагчид 100 км гүйлтийн аяныг зохион байгуулан явуулжээ. Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, тэргүүн ахлагч Б.Баттулга, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн англи хэлний багш, ахлах ахлагч Ц.Батболд нарын санаачилсан энэхүү аянд 40 гаруй цэргийн алба хаагчид нэгдэн 100 км-ийг 10 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Гар утасны апплейкшн ашиглан өөрсдийн амьдран суугаа орчноосоо тус тусдаа өдөр бүр 10-12 км гүйж, зөв дадлыг өөрсдөдөө бий болгож чаджээ.
Ахлах ахлагч Ц.Батболд энэ талаар “Бидний энэ аяны нэг зорилго нь өөртөө эрүүл, зөв амьдралын хэвшлийг тогтоож, дархлаагаа дэмжих. Хоёр дахь зорилго нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 100 км гүйж алба хааж байгаа дайчныхаа хувьд өөртөө барьсан бэлэг. 100 км-ээ нэг дор гүйгээд дуусгах биш өдөр бүр тасралтгүй байж, хэвшил болгохыг эрхэмлэсэн. Өдгөө алба хааж байгаа цэргийн алба хаагчид болон бэлтгэл офицер, ахлагч нар идэвхтэй хамрагдсан. Бид 100 км-ээ туулж дуусгаад энэ аянаа орхиогүй. Өдөр бүр гүйж, эрүүл мэндээ дэмжих дадлыг олж авсан” гэсэн юм.