Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн, энэ сарын 1-нээс нийтээр дагаж мөрдөх болсон билээ. Эл өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний завод ноосыг экспортод гаргахад биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээ олгох юм.
Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр, төрөл бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавигдах шалгуур үзүүлэлтийг дагуу баримт бүрдүүлэх гэнэ. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны боловсруулалт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг билээ.
Ташрамд дурдахад, энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг, баримтыг бүрдүүлэх шатанд явагдаж байгаа юм.