“Транс” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.Е.Новожилов Дорнод аймаг дахь Эрээнцавын хилийн боомтоор нэвтэрснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон.
Үүнтэй холбогдуулан тус боомтод тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан хилчин шалгагчаас тайлбар авчээ. Тэрбээр “2010 оны есдүгээр сарын 8-9-ний үед ОХУ-ын дөрвөн иргэн, Монголын 20 гаруй хүний хамтаар манай боомтоор хил нэвтэрсэн. А.Е.Новожилов гэх хүн тухайн үед паспортаа үзүүлээд гарсан. Тэр үед манай сүлжээ тасарсан байсан учраас хилээр гаргахыг хориглосон хүн гэдгийг мэдээгүй” гэжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Чингэлтэй дүүргийн шүүхээр түүний өдүүлсэн хэргийг хэлэлцэхийн өмнөхөн оргосон юм. Тэрбээр дээрх банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006-2008 онд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаагүй барьцаагаар зээл олгож 2.5 тэрбум, барилга засварын ажил нэрийн дор хуурамч гэрээ хийж 290 сая төгрөгийг хувийн харилцах дансандаа шилжүүлж завшсан хэрэгт холбогдсон юм.
А.Е.Новожилов ОХУ-ын 62856 дугаартай паспортаар манай улсад орж ирээд, Чингэлтэй дүүргийн нутаг, хуучнаар “Ард” кино театрын хойно байрлах “Жүр-Үр” компанийн барьсан орон сууцанд амьдарч байжээ.
Тэрбээр 71-53 УБЦ улсын дугаартай “Тоёота Секиюа” маркийн автомашин эзэмшдэг байсан бөгөөд түүнийг оргохтой зэрэгцээд машин нь алга болсон гэдэг. Түүнийг ийнхүү оргон зайлсны дараа өмгөөлөгч нь нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Паспортаа үзүүлээд гараад явсан.
Түүнд хилээр гарахыг хориглосон ямар ч зүйл байхгүй” хэмээн ярьсан байсан. Түүний өмгөөлөгчөөр Пүрэвбаатар гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд тэрбээр оргон гарахыг нь мэдсэн төдийгүй, тусалсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Түүнчлэн өмгөөлөгч нь Дорнод аймгийн харьяат, нутаг усныхнаа таньж мэдэх хү- ний хувьд А.Е.Новожиловыг оргуулсан байх магадлалтай гэх.
Мөн түүнчлэн түүнийг хорих хүсэлтийг цагдаагийн байгууллагаас удаа дараа тавиад байхад шүүх, проку рорын байгууллагынхан хөдлөхгүй байсаар алд сан нь анхнаасаа энэ хүнийг яллуулахгүйгээр оргуулах төлөвлөгөө байсан юм болов уу гэж болохоор байна. А.Е.Новожиловыг 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ноос түүний дотнын найз гэх Д.Ундраа, Б.Содномбалжир нарын батлан даалтад өгчээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал батлан даагчид энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан торгууль ногдуулж, оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ”, “Мөнгөн торгуулийн хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх бөгөөд түүнийг улсын төсөвт оруулна” гэж заасан нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг батлан даагчид оноох хариуцлага сул байна уу гэлтэй. А.Е.Новожиловыг батлан даалтад авсан Д.Ундраа нь “Тэрхийн орой” гэх компанийн захирал юм байна.