ЗАСГИЙН ГАЗРЫН 80 ХОНОГ
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн, нийслэлд халдварын тархалтын улаан түвшин тогтоосноос хойш ес хонов. Хөл хорионы хугацаанд халдварын голомтыг хумьж, тархалтыг хязгаарлана гэсэн ч өвчилсөн хийгээд эндсэн хүний тоо буурах нь битгий хэл өслөө. Улаанбаатарт улаан түвшин тогтоохын өмнөх өдөр иргэдийнхээ дансанд 300 мянган төгрөг шилжүүлж, хот даяараа бөөгнөрч, түгжирч, бухимдаж, бараа, бүтээгдэхүүний үнийг хөөсрүүлж аваад “хоригдсоны” гор ч байж мэднэ. Юутай ч хөл хорионд хяналт тавьж, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч буй УОК, НОК урьдын адил олон нийтийг төөрөгдүүлсэн, эргэж буцсан шийдвэр “үйлдвэрлэхээ” зогсоосонгүй. Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан ч явган зорчигч хаа сайгүй хөлхөж байна.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг даван туулах цор ганц арга бол вакцинжуулалт. Бид дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд халдвар, хамгааллын дэглэм барихгүй байгаа нь тоон мэдээллээс харагдаж буй. Иймд халдвар, хамгааллын дэглэм баримталж, тархалтыг бууруулах үүднээс улаан түвшинд шилжихээр шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн. Харин Засгийн газрын тэргүүний мэдэгдлээс хэдхэн цагийн дараа хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөдөлгөөн ихсэх учраас вакцинжуулалтыг хойшлуулсныг Эрүүл мэндийн яамнаас зарлах нь тэр. Вакцингүй болсон уу, хоёр дахь тунгаа нөөцлөөгүй юү, эхний тунгийн үр нөлөө буурах уу гэхчлэн олон асуулт, хардлагыг иргэдийн дунд үлдээв. Арга ч үгүй биз. Танхимын гишүүдээ дэргэдээ суулгаж байгаад орон даяар мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд нь хөл хорионы үед вакцин хийх, эсэхийг эргэлзээгүйгээр тайлбарлаж чадаагүй нь энэ Засгийн газрын ажлын уялдаа холбоо муу, гал унтраах маягаар гэнэтийн шийдвэр гаргаж ирсэн арга барилаас салаагүйн тод илрэл билээ.
Нөгөө талаас УОК, Шадар сайд нь энэ цаг үед хамгийн их ачаалалтай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжих нь байтугай ойлголцож чадахгүй, болохгүй бүхнийг тэдэн рүү чихэх хандлага ажиглагдах болов. Тухайлбал, ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч нар PCR шинжилгээний хариуг цахим системд засаж, өөрчилж оруулдаг тухай мэдээлэл амралтын өдрүүдэд анхаарал татав. Коронавирусийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийнхөн өөрчилдөг гэх мэдээллийг анхлан Шадар сайд С.Амарсайхан олон нийтэд хүргэсэн болоод ч тэр үү, энэ удаагийн яриаг түүнтэй холбож тайлбарлах хүн цөөнгүй. Ямар ч болов Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яам, цагаан нөмрөгтнүүдтэйгөө хамгийн ойр ажиллах ёстой атал ийм нэгэн ан цав тэдний дунд хэдийн үүссэн бололтой. Ташрамд дурдахад, түүний гэр бүлийн хүн нь халдвар, хамгааллын дэглэм баримтлаагүй гэх шүүмжлэлийг сайд С.Амарсайхан хүлээж аваагүй, хариуцлага ч тооцуулаагүй. Энэ хугацаанд иргэдэд тараасан их наяд төгрөг бол “Оюутолгой” компанийн төлсөн татварын өр. Өөрөөр хэлбэл, эл мөнгө одоогоор 100 хувь манайх биш гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээнээс болж үүсээд буй татварын маргаанаас авхуулаад “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээг эргэж харах гэхчлэн уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээг “Рио тинто” компанитай дөнгөж эхлүүлээд байна.