Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын энэ сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дээрх хуулийн төслийг Улсын их хурлын даргад өнөөдөр өргөн барилаа. Хуулийг ирэх долоо хоногийн хаврын чуулганаар хэлэлцэх юм.
Эл хуулийг батлуулснаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн салбарынхан онцоллоо.