Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлээ УИХ-д өргөн барьсан. Үүнийг өнгөрсөн жилийн буюу 19 дэх илтгэлтэй нь хамт УИХ-ын чуулганаар удахгүй хэлэлцэх гэнэ. Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлыг шийдвэрлэсэн байдал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт гэсэн сэдвийн хүрээнд 19 дэх илтгэлээ боловсруулсан аж. Харин энэ удаагийн илтгэлдээ хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө гэсэн сэдвийг хамруулан бэлтгэжээ. Мөн төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх, эдийн засаг, нийгэм, соёлын, зорилтот бүлгийн эрх болон цар тахлын үеэр хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, хөл хориог сахиулахтай холбоотой асуудлыг хөндсөн юм. 20 дахь илтгэлээр хөндсөн асуудал болон ямар зөвлөмж, саналыг УИХ-д хүргүүлснийг тоймлон хүргэе.
Оксфордын их сургуулиас явуулсан, цар тахлын үед улсуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индексээр тооцоход Монгол Улс харьцангуй хатуу арга хэмжээ авсан орны нэг болсныг илтгэлийн эхэнд онцолжээ. Тодруулбал, “Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол Улс зохих ажлуудыг хийж байгаа ч цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хүний амь нас хохирсон тохиолдол цөөнгүй гарлаа. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, төрийн албан хаагч болох эцэг, эхийн ажлын цагийн хуваарийг оновчтой зохицуулаагүйгээс бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ үлдэн, ахуйн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд нас барсан тохиолдол гарсан. Түүнчлэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд тавих, хүнлэг харьцах чиглэлийг албан хаагчдад өгөөгүй, багаар ажиллаж буй ажилтнуудын баримтлах зарчим, чиг үүргийн хуваарилалт, мэдээлэл солилцох суваг тодорхой бус байснаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдсан, нас барсан зэргээр хүний эрхийн ноцтой зөрчил гарчээ” хэмээн дүгнэсэн байна. Мөн ХЭҮК тодорхой байгууллага, хяналтын цэг, товчооны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар УОК-т удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ч тодорхой үр дүн гарахгүй байгааг илтгэлд тэмдэглэжээ.
Цар тахлын үед хүүхдийн, ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй, хорих, саатуулах байранд байгаа иргэдийн эрх хэрхэн зөрчигдсөнийг тохиолдлынх нь хамт илтгэлийн хоёрдугаар бүлэгт бичжээ. “Нэн ядуу иргэдийг орон байр, сайжруулсан түлш, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах арга хэмжээг Засгийн газраас тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлсэн. Гэвч нийгмийн халамж хүртдэггүй хэрнээ цар тахлын үед эрсдэлд орсон, оршин суугаа хаягийн бүртгэлгүй зорилтот бүлэгт энэ нь хүртээмжтэй байж чадаагүйгээс тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүллээ. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалах үйлчилгээ тодорхой хэмжээгээр доголдсон. Үүнд төр, засгийн зарим тодорхойгүй шийдвэр нөлөөлсөн” гэж дүгнэжээ.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр 40 саналыг УИХ-д уламжилсан байна. Үүнд УОК, эрх бүхий байгууллагууд гаргасан шийдвэрээ олон нийтэд ойлгомжтой тайлбарлах, цар тахлаас сэргийлэхэд зориулсан төсөв, хөрөнгө, хандив, тусламжийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгох талаар дурдсан аж. Үүнээс гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр арга хэмжээ авахдаа хүний амь нас эрсдэх, эрүүл мэндийг нь хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, наад захын тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдийг нарийвчлан тодорхойлж, хүнсний болон бусад халамж, үйлчилгээнд хамруулах, Ерөнхийлөгчийн сонгуулиар тусгаарлах байранд байгаа иргэд сонгох эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх, бүх шатны суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бичжээ.
Бэлтгэсэн: Б:Нандин