Засгийн газраас дэвшүүлсэн цахим үндэстэн болох зорилтын хүрээнд цахим шилжилтийг дэмжиж хамтран ажиллахаа НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хийсэн уулзалтын үеэр онцлов. Тэрбээр НҮБ нь дижитал эриний хөгжлийн үр шимийг бүх хүн тэгш хүртдэг байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гишүүн улс орнуудад зориулан санал, зөвлөмж боловсруулаад буйг дуулгаад, “Манай байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан “Цахим хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр” нь 2030 он гэхэд бүх хүнд интернэтэд холбогдсон байх боломж олгох, цахим орчинд хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, дижитал дэвшлийн болзошгүй аюулаас хүн амын хамгийн эмзэг хэсгийг хамгаалахыг уриалан дуудаж байгаа хэрэг юм” гэв.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс цахим үндэстэн болохын тулд үндсэн зургаан зорилт дэвшүүлээд буйг дурдаад, “Манай улс орон даяар интернэт сүлжээ нэвтрүүлсэн ч өнөөгийн нөхцөл байдал уг дэд бүтэц хангалтгүй байгааг харуулж байгаа тул бүх орон нутагт, ялангуяа алслагдсан газрын иргэд интернэт сүлжээнд бүрэн холбогдоход шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаас уг ажлыг эхлүүлнэ” хэмээсэн. Мөн хүн амынхаа мэдээллийг хамгаалах системийг чангатгах үүднээс Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулж байгааг хэллээ. Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд цаашид технологийг хөшүүрэг болгон ашиглах боломжуудыг судлахаар тохиролцов.
Бэлтгэсэн: У.Наран