Орон сууцын дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлажээ. Дахин барилгажуулах хэсэгт Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 11.5 га, "Ханын материал" орчмын 53.6 га, “Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай багтсан байна. 2013 оноос хойш нийслэлд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулж эхэлсэн. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ төсөл хэрэгжүүлж буй байгууллагаас иргэдээ мэдээллээр хангадагүй, төр засаг хяналт бүрэн тавиагүйгээс иргэн хохирсон тохиолдол цөөнгүй. Тиймээс ямааны мах халуун дээрээ гэдэгчлэн төслийг хэрэгжүүлэгч компанийг шалгаруулахаас өмнө, төслийг хэрэгжүүлэхээс урьтаж иргэдэд мэдээлэл өгөхөөр Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо эвслийн тэргүүлэгч байгууллага Газрын эзэн баян зүрх нөхөрлөлийн захирал Б.Нямжаваас цөөн асуултад хариулт авлаа.
-Гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотой одоо үйлчилж байгаа хууль, журам иргэдийн эрхийг хамгаалж чадаж байна уу?
-2013-2016 оныг бодвол илүү эрх зүйн орчин сайжирсан. Гэвч бодит байдал дээр иргэний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байна. Тухайлбал хуульд 80 хувь зөвшөөрсөн бол үлдсэн 20 хувийн айлуудыг төсөл хэрэгжүүлэгч шүүхэд өгөх эрхийг хуулиар нээж өгсөн байгаа нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтуудтай зөрчилддөг. Тус хуулиудад зөвхөн төр л нөхөх олговортойгоор өмчлөлийн газрыг эргүүлэн авах эрхтэй байдаг. Мөн хамгийн их гардаг маргаан бол нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэх тухай. Хэдий Нөхөх олговор олгох журам байгаа ч өрхийн үйлдвэрлэл, өрхөөрөө орлого олж байгаа айлуудын амьжиргааг таслахгүй байх зохицуулалт хараахан тусгаагүй байна.
-Монголдоо ийм байж. Олон улсын гэрээ конвенцод дээрх асуудлыг хэрхэн тусгасан байдаг вэ?
-Захиргааны байгууллага буюу төрийн байгууллага нь олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг иргэд шаардах зохицуулалт байхгүй. Түүнээс гадна төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол хэрхэн хариуцлага хүлээх талаарх зохицуулалт байхгүй гэхэд хилсдэхгүй. Ийм зохицуулалт байхгүйгээс шалтгаалан өнөөдрийн байдлаар 360 гаруй өрх айлууд орон гэргүй, тэдний асуудлыг хэн шийдэх нь, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр байтугай нэг хашаанд амьдарч байсан өрх айлуудын асуудал, хүүхэд, хөгшид, халамж шаардлагатай иргэдэд зориулсан нүүлгэн шилжүүлэлтийн зохицуулалт бүр байхгүй. Энэ байдал нь хүний эрхийг хангах, хамгаалах, зохицуулалтуудыг өнөөдөр яаралтай шийдэхийг шаардсаар байгаа ч холбогдох байгууллагууд дорвитой шийдвэр гаргахгүй байсаар байгаа бөгөөд дахин дахин нэмж төслийн талбар нэгжүүдийг зарлаж байгаа нь улам их эрсдэлтэй байдлыг үүсгэж байна.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд газраа өгч буй иргэд газраа хэрхэн үнэлүүлэх вэ?
-Засгийн газраас баталсан газрын жишиг үнэлгээ гэж байгаа ч үүнийг баримтлан үнэлбэл иргэнийг шууд орон байраар хангах боломжгүй. Учир нь орон сууцны үнэ 1 ам метр талбай нь дунджаар хоёр сая төгрөг байна. Газар, хашаа байшингийн үнэлгээ зах зээлийн ханшаас шалтгаалан 35 саяас 100 сая орчим төгрөгөөр үнэлдэг. Тиймээс иргэдийнхээ амьжиргааг одоогийн байгаагаас дордуулахгүй үүргийг төр хүлээдэг учир төрөөс энэ байдлаа шаардаж, нэгдэж өргөдөл гомдлоо гаргах хэрэгтэй. Ул асуудлыг шийдээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн иргэд яаран нүүх хэрэггүй гэж болов уу.
-Иргэд дахин төлөвлөлтийн хүрээнд газраа компанид өгөхөд төр ямар үүрэг хүлээх вэ?
-Заавал зөвшөөрөх шаардлагагүй. Хуулиар олон хувилбар зохицуулалт хийхээр зааж өгсөн байдаг. Иргэд газраа орон сууцаар шууд солих, газраа газраар солих, газрыг хэсэгчлэн худалдаж, үлдсэн хэсэгт нь орон сууц авах зэргээр зохицуулж болно. Эдгээр аргуудыг давхар хэрэглэж гэрээ хийх боломж байгаа. Холбогдох хууль, эрх зүйн актуудыг танилцуулах, ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр, иргэдийн хэдэн хувь нь санал өгсөн, хэдэн компани энэ төслийг хэрэгжүүлэхээр санал гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн явцын талаар 6 сар тутамд мэдээллээр хангах үүргийг төр буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцан ажиллах үүрэгтэй байдаг. Иргэд асуудал үүссэн, мэдэх зүйл байвал хуульд заасны дагуу нэгдээд төрийн бус байгууллагаа байгуулаад төрөөс мэдэх эрхээ шаардах хэрэгтэй. Төрийн байгууллагууд компанитайгаа учраа ол гээд иргэдийг явуулаад байгаа тохиолдол их байдаг. Эсрэгээрээ иргэд яваад байх биш төрд хүсэлтээ тавиад төр энэ асуудлыг шийдэх үүргээ 3 талт гэрээгээр хүлээсэн байдаг шүү.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон иргэд нэн тэргүүнд юуг анхаарах вэ?
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагаж гарсан журамд заасны дагуу төсөл 4 үе шатаар явагдахаар заасанчлан төсөл хэрэгжих талбайд нийт оршин суугчид дараах зүйлсийг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Үүнд:
- Төслийн талбайг сонгон шалгаруулахдаа нийт оршин суугчдаас санал авдаг. Тиймээс иргэд санал авах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, саналын дүнг тоолох, дүн мэдээг мэдэх эрхтэй, түүнийг танилцуулахыг шаардах эрхтэй.
- Төслийн талбарт байгаа иргэдээс санал авах, төслийг эхлүүлэхдээ иргэдийг мэдээ мэдээллээр хангах, зөвшилцөх, тохиролцох ажлыг 1 жилээс доошгүй хугацааны өмнө төрөөс зохион байгуулсан байдаг. Тиймээс төр хэрхэн оролцох, оролцож байгааг иргэд шаардах шаардлагатай байдаг.
- Төсөл хэрэгжүүлэх талбайд барилгын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хэд хэдэн компанийг иргэдэд танилцуулж, тэднээс сонгох боломжийг олгох үүргийг төр хүлээдэг. Тиймээс ямар барилгын компани, хэр хөрөнгийн чадавхтай, туршлага нь ямар байгаа, хөрөнгө тасрахгүй, иргэдийг хохироохгүйгээр эрсдэлээ даван туулах чадавхыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Үүнийг иргэд шаардаж мэдэх хэрэгтэй байдаг.
- Төслийг хэрэгжүүлэгч компанитай хамтраад төсөлд хамрагдах өмчлөгч, эзэмшигч иргэдийн эрхийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор нийт оршин суугчдын 75 хувийн саналаар буюу гишүүнчлэлтэйгээр байгуулсан Төрийн бус байгууллага байх ёстой байдаг. Ингээд төслийн талбарын иргэд итгэмжлэгдсэн иргэдээсээ сонгон 2 болон түүнээс дээш гишүүнийг хуульд заасны дагуу “Хяналтын хороо”-нд оруулж өдөр тутам мэдээ мэдээллээр хангах эрхээ эдлэх боломж байдаг.
Нэгэнт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлж байгаа бол оролцохгүй, нүүхгүй гэж бодож байгаа бол та хохирч үлдэх хуулийн зохицуулалттай. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3в-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан нөхөх олговортойгоор нүүлгэж болохоор заасан байдаг. Ийм тохиолдолд шүүхээс үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээгээр нөхөх олговрыг олгох тул тохиролцоогүйгээс үүдэн хэд дахин хямд өртөгтэйгээр нүүх эрсдэл үүсдэг. Мөн нөгөө талаар байшин хооронд амьдрах нөхцөл бололцоогүйгээр үлдэж, ус, цахилгаан, дулаанд холбогдох боломжгүй, дараа нь газраа үнэд хүргэх нөхцөлгүй болж үлдэх тохиолдол олон гардаг. Өнгөрсөн туршлагаас харвал аль болох компаниа, төрөө иргэд нэгдэж шахаж ажиллах нь илүү үр дүнтэй байна.