Зэвсэгт хүчний 350 дугаар анги “Үндсэн салбарын жигдрэлт шат”-ны хээрийн гаралт, байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд зохион байгууллаа. Энэ удаагийн хээрийн гаралтаар онолын мэдлэг, дадлагыг баталгаажуулах зорилгоор хичээлийн цэгийг дэлгэн хичээл сургуулийг цэргийн байр зүй, холбооны бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, тактик, жагсаалын бэлтгэл, хүн эмнэлгийн бэлтгэл, химийн бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл зэрэг хичээлүүдийг хамруулав. Тасгийн жигдрэлтийг хангах сургалтыг “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын тасаг давшилтад шилжих”, офицеруудтай штабын нэгдсэн дадлагыг “Мотобуудлагын батальон зах нийлсэн байдлаас байлдаан явуулах нь”, даргалах албан тушаалын ахлагч нартай “Мотобуудлагын рот явдлаас давшилтад шилжих нь” сэдвээр тус тус зохион байгуулсан юм.
Мөн салааны байлдааны буудлагыг “Таван толгой”-н районд суурьт гранатомёт СПГ-9-ийн нэг, 82 мм-ийн миномётын нэг, хос голт төмөрт 23 мм-ийн зенитийн суурийн нэг тоотоор хүч нэмэгдүүлсэн “Мотобуудлагын салаа хориглосон дайсан руу явдлаас давших” сэдвээр, салааны шөнийн буудлагыг “Хүч нэмэгдүүлсэн мбс зах нийлээгүй үед хориглолтод шилжих, хориглолтыг шөнө явуулах” сэдвээр тус тус амжилттай явуулсан юм. Үүнээс гадна байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцох алба хаагчдад “Айдас түгшүүр, сандралыг даван туулах”, “Нөхөртөө байлдааны талбарт тусламж үзүүлэх нь” сэдвээр сэтгэл зүйн бэлтгэл хичээлийг зохион явуулсан нь үр дүнтэй сургалт боллоо.
Түүнчлэн бие бүрэлдэхүүний дунд гранат шидэлт, олс таталт, галын бэлтгэлийн норматив, гар барилдаан, саадын зурвас, гар дээр суниалт, ҮОХЗХБийн нормативын тэмцээнүүдийг явуулав. Мөн Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар хээрийн гаралтын сургалт бэлтгэл, буудлагын явцтай танилцсан юм.