Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил хайгч иргэдийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран ажилтай болоход нь туслах зорилгоор ejob.gov.mn цахим үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Уг цахим системээр дамжуулан иргэдийн хүсэлтийг хүлээн авч ажил олгогчтой нь түргэн шуурхай холбох, ажил хайгч иргэдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, дэмжих, ажлын байранд зуучлах, оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилж хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох юм. Мөн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлж, ажлын байранд тогтвортой ажиллуулахад нь хүний нөөцийн менежерүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Иймд ажил хайгч иргэд ejob.gov.mn сайтад нэвтэрч ажлын байрны захиалгатай танилцах, ажилд орох хүсэлтээ хөдөлмөрийн биржүүдэд илгээх, зөвлөгөө, мэдээлэл авах, ажилд зуучлах үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байгаа юм.
2021 оны гуравдугаар сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний статистик тоо мэдээг дурдвал:
Ажил хайгч 25105
Бүртгэлтэй ажилгүй иргэн 16775
Ажлын байрны захиалга 6413
Ажилд зуучилсан иргэн 3066
Шинэ ажлын байрны захиалга 1960
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэлээр хангах үйлчилгээнд 3638 иргэн хамрагдсан байна.