Өнгөрсөн гуравдугаар сард инфляц 2020 оны мөн үеийнхээс 2.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Түрүү жилийн гуравдугаар сард 5000 төгрөгөөр зарж байсан бүтээгдэхүүний өртөг жилийн дараа 5125 болсон гэсэн үг. Тэгвэл үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний хүнс, нарийн ногоо, эрэлт ихтэй эм зэргийн үнэ нэг жилд багадаа 20 хувь, улмаар 2.5 дахин нэмэгдсэнийг хэлэх хүн олон байна. Энэ талаар тодруулахаар уржигдар Сүхбаатар дүүргийн XVIII хороо, бидний нэрлэж заншсанаар Долоон буудал орсон юм.
Долоон буудал бол зах, үйлчилгээний төв олонтой, хөл хөдөлгөөн ихтэй орчин. Нийслэл даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа ч тэнд хүмүүс хөлхөн, дэлгүүрүүд нь худалдан авагч олонтой байлаа. Энэ нь Засгийн газраас иргэдэд 300 000 төгрөгийн дэмжлэг олгосонтой багагүй холбоотой гэдгийг худалдагчид хэлсэн.
“Хүнс, барааны зах” гэсэн хаягтай үйлчилгээний төвд төмс, хүнсний болон нарийн ногоо борлуулагч Г.Ариунчимэгээс бүтээгдэхүүнийх нь үнэ хэрхэн өөрчлөгдсөн талаар тодруулахад “Энэ сарын эхнээс Замын-Үүдийн боомтоор ачаа, бараа нэвтрүүлэхийг хязгаарласнаас “Барс” захад нарийн ногоо ховордон, бид ч тэндээс их хэмжээгээр татаж чадахаа болилоо. Ингэснээр үнэ нь огцом өссөн. Тухайлбал, салат навч нэг кг нь бараг 2.5 дахин нэмэгдэн 20 000 төгрөг, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, цэцэгт байцайны үнэ кг нь 5000-6000 төгрөгөөр өсөн 10 000-аас давлаа. Мөн монгол байцай, сонгино нэг кг нь хагас сард 400-500 орчмоор нэмэгдэн 2500, 4000 төгрөг болсон” гэв.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн А.Бадамцэцэг “Жимс, нарийн ногооны үнэ огцом нэмэгдлээ гэж хүмүүс их ярьж байна. Манайх тийм үнэтэй, тансаг зүйл авдаг айл биш болохоор мэдсэнгүй. Мах, гурил, ургамлын тос, хүнсний ногооны үнэ гэхэд долоо хоног бүр л өсчихдөг. Хонины мах хоёр сарын өмнө нэг кг нь 8000-9000 төгрөг байсан бол өдгөө 11 000-12 000-д хүрчээ. Хуйхалсан толгой, дайвар бүтээгдэхүүний үнэ ч сүүлийн зургаан сард 500-1000 төгрөгөөр өссөн. Нөөцийн махыг энэ хавьд (Долоон буудал) өглөөгүүр хоёр цэгт зардаг ч эрэлт ихтэй болохоор ганц цаг хүрэхгүй хугацаанд дуусдаг юм” гэлээ.
Баянгол дүүргийн XVIII хороо “Баянгол” хүнсний захад согтууруулах болон бусад ундаа, ус борлуулагч М “Манайх ихэвчлэн үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн борлуулдаг. Уг нь ийм аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс тэглэсэн. Гэтэл сүүлийн нэг жил орчмын хугацаанд “Тэрэлж”, “Сэлэнгэ”, “Coca cola”, “Fuze tea” зэрэг борлуулалт ихтэй ундааны үнэ ширхэг тутамдаа 300-500 төгрөгөөр өссөн. Мөн бүх төрлийн шар айраг, архи лааз, шилээрээ 300-500 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь шингэн хүнсний өртөг 2-3 сар болоод л 50-100 төгрөгөөр өсдөгийг хүмүүс анзаардаггүй байх. Яагаад тогтмол шахам өсөөд байдгийг мэдэхгүй” гэсэн юм.
Үүнээс гадна импортоор оруулж ирдэг лаазалсан загас, өндөг, гоймон, хоол амтлагч, далайн гаралтай бүтээгдэхүүний үнэ ч жилийн дотор нэлээд өссөнийг борлуулагч, худалдан авагчид хэлж байв. Түүнчлэн гурилын үнэ өнгөрсөн есдүгээр сард кг тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэний улмаас гурилан боов, хэрчсэн гурил, талхных ч өссөнийг дурдлаа. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэд гомдол ирүүлж байгаа, эсэх, мөн ямар арга хэмжээ авч буйг тодрууллаа. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Импортын хүнс, ялангуяа нарийн ногооны үнэ огцом нэмэгдсэн талаарх гомдлыг иргэдээс сүүлийн үед их ирүүлж байна. Бид нягталж үзэхэд хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна Эрээн, Замын-Үүд хоорондын ачаа тээврийн зардал өсжээ. Тодруулбал, нэг автомашин ачааг 6000 юаниар үнэлж байсан бол 35 000 болж нэмэгдсэн нь бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөн аж. Хувийн хэвшлийнхэн ачаа зөөдгөөс ийнхүү зардлаа өсгөхөд тавих хяналтгүй болчихож байгаа юм. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) Засгийн газар, Улсын онцгой комисст галт тэргээр нэвтрүүлэх барааны хэмжээг өсгөх, тээврийн зардалд улсаас хяналт тавих боломж бүрдүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны үнийн индексийг энэ оны хоёрдугаар сарын байдлаар гаргаснаа саяхан танилцуулсан. Үүнд жилийн хугацаанд экспортын үнийн индекс 40.9, импортынх 5.2 хувиар өссөн гэжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаадаас худалдан авч буй барааны үнэ нэг жилийн хугацаад 5.2 хувиар л нэмэгдсэн байгаа юм. Гэхдээ үүнийг импортын бүх бүтээгдэхүүний өртөг дунджаар 5.2 хувиар өссөн гэж шууд ойлгож болохгүйг ҮСХ-ны үнийн албаны статистикч Д.Мөнхзул хэллээ. Тэрбээр “Бид зах зээлд шинжилгээ хийн, импортын болон дотоодод үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдан авалтын сагс, эзэлж буй жин зэргийг тооцон үнийн индексийг гаргадаг. Түүнээс тухайн бүтээгдэхүүнд шингэсэн тээврийн зардал, түүхий эдийн өртөг, ашиг зэргийг тооцдоггүй. Үнэ өссөн үндэслэлийг мэдэхгүй гэсэн үг” хэмээв. Эндээс харахад гадаадаас худалдан авсан болон дотоодод борлуулж буй бүтээгдэхүүний үнэ жилд 2.5-5.2 хувиар өссөн гэсэн тооцоолол бий ч зах зээл дэх дийлэнх барааны ханш нэг жил гаруйн хугацаанд багадаа 20 хувиас 2.5 дахин нэмэгдээд байна.