Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богдхан уул болон Туул голын эрэг дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр болсон. Эл ажлын хүрээнд Сонсголонгийн гүүрнээс Баянзүрэхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу 27 километр газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөсөн бөгөөд 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдаад байгаа юм. Харин “Таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулаад байсан юм.
Үүнийг эргэн сануулж буй нь учиртай. Хотын дарга гэх суудлын халааг авсан бүхэн Туул, Сэлбэ, Дунд голын эрэг дагуух тохижилтын ажлыг эрчимжүүлж, урсцыг нь нэмэгдүүлнэ хэмээн ам гардаг нь гэм биш зан болоод уджээ.
Энэ мэт сайхан амлалт өгдөг эрх бүхий албан тушаалтнууд төлөвлөгөөгөө ажил хэрэг болгон эхлүүлдэг ч дуусгадаггүй, эсвэл чанаргүй, дутуу, стандартад нийцэхгүй бүтээн байгуулалт босгодог нь харамсалтай. Тэгвэл шинэхэн хотын дарга эл амлалтдаа хүрч чадах уу, эсвэл урьдын адил аргацаагаад өнгөрөөх болов уу. Түүнийг нийслэлчүүдэд өгсөн амлалтдаа хүрч, жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийгээсэй хэмээн өмнөх ажлууд хэрхэн замхарсан талаар сануулъя.
Баримт:1
Сэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил 2011 оноос эхтэй. Харамсалтай нь Сэлбэ гол “сэхээнд” орсон нь өдгөө нийслэлчүүдийн нүдэнд ил болжээ. 2011 оноос эхэлсэн эл тохижилтын ажлыг Сэлбийн хурдны замтай уялдуулсан гэх шалтгаанаар зураг төслийг нь өөрчилж, хоёр ч удаа хойшлуулан 2014 онд эхний хэсгийг нь ашиглалтад оруулсан байдаг. Анх дээрх төслийг хэрэгжүүлэхэд долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. 100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх хэсгийг тохижуулахад 1.8 тэрбумыг зарцуулсан юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил багагүй хэл ам дагуулсан нийслэлийн төв цэгийн “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-гийн гуравны хоёрыг нь тохижуулах хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн үг. Гэвч өдгөө нүд баясгаж, чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газар тэнд алга. Үлдсэн таван тэрбумыг нь хойд хэсгийг тохижуулахад зарцуулна хэмээж байсан ч мөн л ажил болж чадаагүй.
Баримт:2
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас өнгөрсөн онд Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулсан билээ. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, 30 машины авто зогсоол, зүлэгжүүлэлт, сандал, ширээ, чийрэгжүүлэлтийн, хүүхдийн тоглоомын, гар бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж босгосон. Жижиг талбайтай ч чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй нийслэлчүүдийн хувьд шинэ бүтээн байгуулалт болсон юм. Харамсалтай нь, багтаамж муу, ариун цэврийн байгууламж нь асуудалтай болох нь төд удалгүй иргэдэд илт болсон удаатай. Тэр олон хүнд зориулсан хоёр л нүхэн жорлон тэнд бий. Үүнээс дэлхийн стандарт битгий хэл хөгжил сайтай хотын хэмжээнд ч хүрэхгүй бүтээн байгуулалт хийсэн гэдэг нь харагдах биз.
Баримт:3
“Далан давхар”-ын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дахин мэдээлэв. Энэ нь мөн л өмнө нь яригдаж, бүр ажил хэргийг нь эхлүүлж байсан асуудал гэдгийг дахин сануулъя. “Далан давхар” буюу “Самбалхүндэв” оршуулгын газар 137 га талбайг эзлэн оршдог. Эл газарт 48.000 гаруй бурхан болооч нойрсож буй бөгөөд 2500 гаруй айл тэдэнтэй газар “булаацалдан”, зэрэгцэн амьдарч байна. 2010 онд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор эл оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг Орон нутгийн өмчийн концессын жагсаалтад багтааж, төр, хувийн хэвшлийнхэн хамтран хэрэгжүүлэхээр болсон. Бүр зарим шарилыг ухаж гарган, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж байсан удаатай. Гэвч төд удалгүй элдэв шалтгааны улмаас ажил зогсож, одоо хэр нь бахь байдгаараа л байна.
Нийслэлийн Захирагчийн албаныхны хийсэн нэр зүүж, дутуу орхисон бүтээн байгуулалт эдгээрээр дуусахгүй. Өмнөх Засаг дарга нарын адил иргэдээ хуурсан, үл тоосон үйлдэл гаргалгүй, итгэлийг нь даасан бүтээн байгуулалт хийгээсэй.