Төрийн албан хаагчийн ёс зүйн болон сонгон шалгаруулалтын харилцааг зохицуулсан өндөр хөгжилтэй орнуудын хуулийг өөрийн орны онцлогт тохируулан нэвтрүүлэх, төрийн албаны реформ хийхдээ аналитик сэтгэлгээгээ хөгжүүлж, өгөгдөл болон технологийг үр дүнтэй, бүтээлчээр ашиглах талаар Төрийн албаны зөвлөл цахимаар зөвлөлдлөө. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэ үеэр “Мэдээлэлд үндэслэн анализ хийж ирээдүйд гарч ирэх сорилт, боломжийг тодорхойлон бодлогын шийдвэрүүдийг шинэ түвшинд гаргана. Мэдээллийн нөөцийг ашиглахдаа тоочих, тайлбарлах, илтгэх хуудас байдлаар хязгаарлахгүй, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олж харж, бодлогын болон шийдвэрийн хувилбар зөвлөмжийг гаргах, “Алсын хараа 2050” зэрэг урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад өгөгдөл болон технологийг өргөн хүрээнд ашиглаж, аналитик сэтгэлгээг хөгжүүлэх”-ийг онцлов. Төрийн албаны зөвлөл нь хүний нөөцийн удирдлагын мэдээллийн сангийн өгөгдлийг (big data) нарийвчлан боловсруулж дүн шинжилгээ хийх, стратеги төлөвлөлт хийхдээ Microsoft компанийн Power BI бизнес аналитикийн үйлчилгээнд тулгуурлан ажиллах боломжийг судалж байгаа билээ. Өгөгдлийн шинжилгээ болон шийдвэр гаргах үйл явцын хоорондын уялдааг хангах, бүх түвшинд судалгаанд суурилсан соёлыг бий болгох, мэдээлэл хоорондын хамаарал, давтамж болон үйл явцын үе шатуудыг тодруулан, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох зэргээр аналитик сэтгэлгээнд суурилан төрийн албаны шинэтгэлийн бодлого боловсруулалтын чанарыг сайжруулах нь чухал юм. Мэдээллийн технологи, хүний нөөц, санхүү, хэрэглэгчийн үйлчилгээ, харилцаа холбоо, хууль эрх зүй, маркетинг, борлуулалтын судалгаа хийдэг Gartner Inc компаниас аналитик ба бизнес платформын Gartner Magic Quadrant-д Мicrosoft-ын Power BI-г энэ онд 14 дэх жилдээ шилдгээр шалгаруулсан жишээг дурдлаа.