Таван жилийн өмнө гадаадаас ирж, амрахдаа хүүхэд маань хэлж, зөвлөлгүйгээр “Юнивишн”-ий хэрэглэгч болж, гурвалсан үйлчилгээтэй багцыг нь сонгож, гэрээ хийснээр манайх гэдэг айл тус компанид “дөнгөлүүлэх” эхлэл тавигдсан юм. Энэ хугацаанд “Юнивишн”-ий үйлчилгээнд сэтгэл хангалуун байсангүй. Өглөө ажилдаа яваад, бор хоногтоо харьдаг зэрэг шалтаг, шалтгааны улмаас зурагт үзээд тухлах нь бараг үгүй учраас энэ чиглэлийн үйлчилгээг нь авдаггүйтэй адил гэсэн үг. Үлдсэн хоёр нь интернэт болон үүрэн холбооны утас. Гэрийн утасны хувьд огт ашигладаггүй гэж болно. Дугаараа ч мэдэхгүй шахам. Харин интернэтийг нь гэртээ байх хугацаандаа ашигладаг ч 100 хувь биш.
…“Юнивишн”-ээс гадна “Скай медиа” өнгөрсөн сараас эхлэн үйлчилгээнийхээ үнийг нэмжээ. Тодруулбал, гурвалсан үйлчилгээнийх нь багцын төлбөр дээр 2500-3500 төгрөг нэмэгдсэн байна. Учрыг нь лавлахад “өргөн нэвтрүүлгийн хөлс” бодож авах болсон гэх. Үйлчилгээг нь сонгосныхоо төлөө иргэд урамшуулал бус, “торгууль” хүлээж байгаа эл явдлын талаар учир мэдэх хүмүүсээс асуулаа. Угтаа бол хууль зөрчсөн үйлдэл аж…
Хурд муу, гацах нь их учраас гар утасныхаа датаг хэрэглэх нь олонтоо. Иймэрхүү маягтай үйлчилгээнийх нь хөлсөнд сар бүр 36 мянган төгрөгөө тус компанид “сэгсрүүлдэг” учраас “Юнивишн”-ий төлбөрийн талаарх мессеж ирэх бүрт багагүй бухимддаг юм. Тэгсэн хэрнээ “үйлчлүүлсээр” байгаа нь өөрийн буруугаас бус, энэ компанийнхны муйхраас үүдэлтэй. Эхний хоёр жилдээ гэрээг цуцлуулах хүсэлт хэдэнтээ тавьсан ч “Анх гэрээ хийсэн хүн нь төв байранд биеэр ирэх шаардлагатай” гэснээс нь болж чадаагүй. Өнгөрсөн онд мөн л ийм хариулт сонсоод мухардсан. “Хэрэг” тарьсан хүүхэд маань хилийн цаана байгаа болохоор яах ч аргагүй. Тэгээд аргагүйн эрхэд “үерхэлдээ үнэнч” байхаас өөр сонголтгүй нөхцөл байдалтайгаа эвлэрээд байтал “Юнивишн”-ий төлбөр нэмэгдчихдэг байгаа, хөөрхий. Үйлчилгээг нь цуцлуулах гэхээр гэрээ хийсэн эзэнтэй нь л ярина гэж гэдийдэг хэрнээ үнэ, төлбөрөө нэмэхдээ харин үйлчлүүлэгчдэдээ ямар ч мэдээлэл өгөлгүй өөрсдийн дураар шийдчихдэг том толгойтой юм байна. Үйлчилгээний наад захын соёлгүй ийм үйлдлийг нь бүдүүлэг гэхэд багадна. Энэ бол хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, эрээгүй явдал бөгөөд “хүчирхийлэл” гэж тодотгоход хатуудахгүй болов уу.
“Юнивишн”-ээс гадна “Скай медиа” өнгөрсөн сараас эхлэн үйлчилгээнийхээ үнийг нэмжээ. Тодруулбал, гурвалсан үйлчилгээнийх нь багцын төлбөр дээр 2500-3500 төгрөг нэмэгдсэн байна. Учрыг нь лавлахад “өргөн нэвтрүүлгийн хөлс” бодож авах болсон гэх. Үйлчилгээг нь сонгосныхоо төлөө иргэд урамшуулал бус, “торгууль” хүлээж байгаа эл явдлын талаар учир мэдэх хүмүүсээс асуулаа. Угтаа бол хууль зөрчсөн үйлдэл аж. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааснаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч “Юнивишн”, “Скай медиа” зэрэг компани өнгөрсөн зунаас эхлэн арилжааны телевизүүдэд төлбөр төлдөг болжээ. Эл “шархаа” иргэдээр нөхүүлэхээр үйлчилгээнийхээ төлбөрийг нэмсэн буюу бид арилжааны телевизүүдэд 2500-3500 төгрөг төлдөг болоод нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Тэгвэл хуульд чухам юу гэж заасныг тодруулъя.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3 -т “Өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах” гэж заасан байна. Үүний дагуу бол арилжааны телевизүүдэд төлбөр төлөх үүргийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч байгууллага хүлээх ёстой буюу “Юнивишн”, “Скай медиа” компани өөрийн халааснаас гаргах төлбөр юм. Гэтэл монопол эрхтэй том газрууд иргэдийн халаас руу энэ мэтээр гараа шургуулдаг явдлыг хянадаг байгууллага байна уу. Нөгөөтээгүүр, үйлчилгээ үзүүлэгч болон авагч талуудын итгэлцэл, хүндлэл гэдэг зүйлийг үгүй болгох ийм муу үйлдлийг даруй таслахгүй бол үйлчилгээний соёлын хэм хэмжүүрийн талаар яриад ч нэмэргүй.
Хүнд хүссэн тухайн үйлчилгээг нь үзүүлдэг соёл манай олон суваг дамжуулдаг үйлчилгээ эрхлэгчдэд ер нь байна уу. Гуя дагаж хүзүү гэсэн “тогтолцоо”-гоор хэдий болтол явах юм бэ. Интернэтийн, эсвэл зөвхөн зурагт үзэх үйлчилгээ авах сонирхолтой хэрэглэгч олон байдаг. Гэтэл уян хатан бодлого, зохицуулалт хийхгүй, өөрсдийн бэлтгэсэн үйлчилгээг л санал болгодог болхи үйлчилгээ манайд “моод”. Үйлчилгээндээ хэрэглэгчдийн саналыг тусгаж, хүссэнийг нь өгч чаддаггүй хэрнээ үнээ өсгөх тал дээр бусдаас санаачилгатай, шуурхай ажиллах нь дэндүү увайгүй.
Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид сарын үйлчилгээний төлбөрөө нэмсэн талаар иргэд байр сууриа илэрхийлж, цахим хуудас, нийгмийн сүлжээгээрээ дамжуулан ярилцаж, хэлэлцэж байгаагаас цөөхөн хэдийг эш татъя. Иргэдийн олонх нь “Төлбөрөө нэхэж, мэдээлэл илгээдэг шигээ үнээ нэмэх талаараа нээлттэй байгаагүй нь хамгийн бүдүүлэг. Ямар ч шалтаг, шалтгаангүйгээр хүнийг гэрээс нь баривчлаад явахтай утга нэг асуудал” гэж шүүмжилсэн бол “Юнивишн” үргэлж ийм муйхар аргаар явж ирсэн, хэдэн жилийн өмнөөс л сувгуудын сонголтоо дураараа өөрчилж, хасаж, нэмсэн. Тэр болгонд нь санал хүсэлтээ хэлдэг ч үл ойшоодог” гэсэн бухимдалтай хүн цөөнгүй байна. Ингэж хүчирхийлэлд автаж байхаар сонголтоо өөрчил хэмээн зөвлөсөн нь цөөнгүй. Зарим нь Илон Маскийн хэрэгжүүлж буй төслийн үр дүн, хиймэл дагуулуудынх нь талаар мэдээлж, удахгүй хямд өртөгтэй интернэтийн хэрэглэгч болно гэсэн өөдрөг төсөөлөлтэйгөө ч хуваалцсан байна.
Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд “Юнивишн” компанийн үйлчилгээний талаарх гомдол тасраагүйг илтгэх жишээ олон. Өнгөрсөн оны сүүлчээр ШӨХТГ-ынхан “Univision Mongolia” компанийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээний багц нь автоматаар сунгагдаж байгааг зогсоохыг анхааруулж, шаардлага хүргүүлсэн. 2017 онд ч “Юнивишн” багц үйлчилгээнүүдийнхээ үнийг өсгөж байлаа. Ингэхдээ мөн л хэрэглэгчдэд мэдэгдэлгүй сэмхэн “сэвсэн”. Үүнийгээ “суваг нэмэгдсэн, шинэчлэл хийсэн” хэмээн тайлбарласан. Үнэндээ бол сувгийн шинэчлэл хийж, тоог нь нэмсэн гэдэг ч “Al Jazeera” зэрэг ихэвчлэн исламын шашинтай улс орнуудад тохирох 10-аад сувгаар “хүчиндсэнийг” нь санаж байна.
Энэ мэтээр үргэлж өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төр, засаг зангаргаа харуулахгүй бол байдал улам дордсоор байна. Хятад улсын Зах зээлийн хяналт, зохицуулалтын газраас “Alibaba” компанид хамгийн өндөр хэмжээ буюу 18.2 тэрбум юанийн торгууль ногдуулсан нь саяхан. Монополын эсрэг хууль зөрчиж, зах зээлд давамгай байдлаа ашиглан жижиглэн худалдаа эрхлэгчдэд саад учруулж, цахим худалдаа эрхлэх боломжийг нь хумьсан гэж үзэн тус компанийг ийнхүү шийтгэжээ.
Ер нь Монголд үйлчилгээ, худалдаа эрхлэгчид ёс зүй, соёл, хүндлэл гэсэн ойлголтгүй байгааг төлбөрөө зоргоороо нэмсэн дээрх байгууллагууд батлан харууллаа. Түүнчлэн шинэ коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдал дэлхий нийтийг оюун бодол, ёс зүй, сэтгэл зүй, амьдрах чадвар гэхчлэн олон талт шалгалтад оруулж, Засгийн газрууд боломжит бүх талаар иргэдээ эдийн засгийн хүндрэлээс гаргахаар ухаан сийлж байгаа энэ цаг үед манай компаниуд, худалдаа, бизнес эрхлэгчид үнээ өсгөх уралдаанд өрсөлдөгчгүй ялж иргэдийг хүчирхийлэн олон эрхэд нь халдаж, басамжилж буйг төр, засгийнхан анзаарч байгаа гэж найдъя.