Өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 12) болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьсон байна. Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим долоо, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтов. Өмнө нь Дээд шүүхийн шүүгч нар ээлжийн амралтаа бүрэлдэхүүнээрээ авдаг байсан. Үүнд зарим өмгөөлөгч бухимдан, хэргийг шийдэхэд тодорхой хугацаанд цаг алдлаа хэмээн шүүмжилдэг байв. Бүрэлдэхүүний тоог нэмснээр Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүн бүрэлдэхүүнээрээ зөвхөн зун амардаг, зохицуулалтад өөрчлөлт орох бололтой.