Монгол Улсын сайд А.Ариунзаяа ХНХЯ-ны албан ёсны цахим хуудсаар дамжуулан ирэх долдугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчлэхгүй, хэвийн горимдоо орно хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 1995 оноос 2007 он хүртэл 19 хувь байсан. 2008 оноос эхлэн таван пунктээр буулгаж 14 хувь болгон ажил олгогч, даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр долоон хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх болсон. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2008 оноос таван пунктээр буулгаснаар тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурч, улсын төсвийн ачаалал нэмсэн. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд өссөн. Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн татаас 2010 онд 170.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 399.4 тэрбум төгрөгт хүрч, даруй 2.3 дахин өссөн. Иймд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Хуулийн уг заалтыг ажил олгогч болон даатгуулагчид дарамт үүсгэхгүй байх зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0.5, 2020 онд 1.0 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан. "Ковид-19" цар тахлын үед тар засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дотор 2020 онд тэтгэврийн шимтгэлийн 1+1 хувийн нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан. 2021 оны хагас жилд хувийн хэвшлийн болон сайн дурын даатгуулагчдыг тус нэмэгдлээс чөлөөлсөн. Мөн 2020 оны 4-9 дүгээр саруудад Нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлж, 10-12 дугаар саруудад 5+5 хувийг л тэтгэврийн даатгалд төлж, бусад шимтгэлийг чөлөөлсөн билээ. Ингэхдээ төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүнд ажиллаж байгаа даатгуулагчдад ердийн горим үйлчилж байгаа буюу ажил олгогч 13.5-с 15.5 хувь, ажилтан 12.5 хувийн шимтгэл төлж буй. Эдгээр байгууллагууд цар тахлын үед эрсдэлд ороогүй, цалин хөлс хэвийн олгогдож байгаа учраас чөлөөлөөгүй хэрэг. Одоо ирэх долдугаар сарын 1-нээс бүх нийтэд ердийн горим үйлчилж эхэлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 38.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага шимтгэл чөлөөлөлтөд хамруулж, нийт 572.0 мянган албан журмын болон сайн дураар даатгуулагчийг 664.2 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлсөн. Мөн үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжийн ажиллагсдад 2020 оны 4, 5, 6 сард ажилтан тус бүрд 200 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилгүйдлийн даатгалын сангаас 7.3 мянган ажил олгогчийн 80.9 мянган даатгуулагчдад 44.2 тэрбум төгрөгийг олгосон. Хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхэд дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлнө. Хэрэв тэтгэврийн 1+1 хувийн шимтгэлийн нэмэгдлийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дахин хойшлуулах бол нэмэлтээр 140 тэрбум төгрөг шаардлагатай болох юм. Нийгмийн түншүүдтэй ярилцаж хуулийн үйлчлэлийг хойшлуулах буюу тэтгэврийн шимтгэлийн 1+1 (ажилтан+ажил олгогч) хувийн нэмэгдлийг царцаах шийдэл гаргасан ч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах хэрэгтэй. Иймээс бид Сангийн яамтай хамтран арга замыг хайн ажиллаж байна. Ажилтан, даатгуулагч талаас 11.5 хувь байх уу, 12.5 хувь байх уу л гэдэг асуудал" хэмээн байр сууриа илэрхийлжээ.