Биеийн тамир, спортын улсын хорооноос улс орон даяар 14 хоногийн хугацаатай “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” аяны дүн гарчээ. Уг уралдаанд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн баг буюу ахлах дэслэгч Л.Баттулга даргатай тамирчид амжилт гарган, дэд байранд шалгарсан байна. Цахим гүйлтийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулсан бөгөөд Баян-Өлгий аймагт зохион байгуулсан тэмцээнд барилгачин дайчид бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн багийг ардаа хол хаясан юм. Энэ аяны зорилго нь “Ковид-19” цар тахлын үед иргэдийг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал хөдөлгөөн, алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлж дархлаажуулахад оршиж буй.