Соёлын яамны сайд Ч.Номин Энэтхэг болон Унгар улсаас Монгол улсад суугаа онж бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Гандантэгчэнлин хийд болон Богд хааны ордон музейг сэргээн засварлаж, музейн номын сан байгуулахад дэмжлэг үзүүлэхээ Энэтхэгийн талаас мэдэгдсэн юм. Учир нь Монгол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь соёлын томоохон өвд тооцогддог. Түүхийн он цагуудад хэв шинжээ хадгалан ирсэн үнэт өвийг хэвээр хадгалах, сэргээн засварлах нь нэн чухал хэмээн албаныхан онцолжээ. Тус хийдэд нэг сая гаруй ном, судар хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг цахим хэлбэрт шилжүүлснээр соёлын хосгүй бүтээлийг хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой аж. Энэ жил нээлтээ хийж буй “Чингис хаан” музейд Унгар Улсаас холбогдох үзмэрүүдийн хуулбарыг авахад тус улсыэ элчин сайд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн Монгол, Унгарын археологийн салбарын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улс цаашид энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Ташрамд дурдахад, ирэх 9, 10-р сард Монгол Улсад Унгарын соёлын өдрүүдийг, Унгар Улсад Монголын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулахаар боллоо.