УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 2003 онд Франц улсаас Д.Энхбатыг баривчилж ирсэн. Энэ асуудлаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Англид саатуулаад байгаа.
Тус улсын шүүх түүнийг ХБНГУ-ын талд шилжүүлэх үү, эх оронд нь буцаах уу гэдэг асуудлыг шүүн хэлэлцэж буй энэ үед Д.Энхбат агсантай холбоотой асуудлыг дахин шалгаж эхэллээ.
Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн, Д.Энхбатын төрсөн дүү Д.Баяр нар УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд гомдол гаргасан аж. Тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэдний гомдолтой танилцаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл гэж үзээд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт шилжүүлжээ.
Тэд Д.Энхбатыг Францаас авчирсан нь хууль зөрчсөн, Л.Санжаасүрэнг өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө ялласан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж буй юм.
Г.Орчлон