Л.Энэбишийн өргөн чөлөө дагуух тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг өчигдөр эхлүүллээ. Тодруулбал, хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн суурь бетон бутлах зэргийг Хот тохижилтын газрын 30 ажилчин гүйцэтгэжээ. Хог тээвэр, ногоон байгууламжийн тохижилтод нийт 35-н машин, техник ашигласан байна. Мөн төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, нийтийн бие засах газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж. Энэ талаар Хот тохижилтын газрын ОНӨААТҮГ-ын Орлогч дарга Д. Батболдоос тодруулахад "Бид хөл хориог ашиглаж, хөрс хуулах ажлыг 14 хоногийн дотор дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр замын түгжрэлд нөлөөлөхгүй, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахгүй зэрэг олон давуу талтай. Одоогоор хөрсний өнгөн давхаргын 15 см хэсгийг хуулж байна. Ингэснээр ургамал тарьж, ургуулахад таатай орчин бүрдэнэ" гэв.